TSAHIM.mn

Ким Чен Ун АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг хүсч байна

БНАСАУ-ын удирдагч Ким Чен УН АНУ-тай энхийн гэрээ байгуулж, дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа аж. Энэ тухай Даваа гаригт Өмнөд Солонгосын "Тона Илбо" сонинд мэдээлснийг ТАСС уламжлав. Эх сурвалж мэдээлэхдээ "Ким Чен Уны эцсийн зорилго нь АНУ-тай дипломат харилцаа тогтоож, энхийг сахиулах гэрээ байгуулан, улмаар Пхеньянд АНУ-ын Элчин сайдын яам байгуулах явдал юм” гэжээ.

БНАСАУ-ын тэргүүн Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухайгаа дурдсан байна. Ким Чен Ун Дональд Трамптай уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудлаар ярилцах боломжтой" гэж эх сурвалж нэмж хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Чон Ый Ён Вашингтонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп энэ оны тавдугаар сар хүртэлх хугацаанд Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай мэдэгдсэн билээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагчтай уулзах урилгыг хүлээн авах болно. Уулзалт хаана, хэзээ болох тов гараагүй байна” гэж мэдэгдсэн. Гэвч тэрээр өнгөрсөн баасан гаригт БНАСАУ цөмийн зэвсэглэлээс татгалзах ямар нэгэн үйлдэл хийгээгүй тохиолдолд хоёр орны удирдагчийн хооронд яриа хэлэлцээ хийгдэхгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл