TSAHIM.mn

Монгол эрчүүдийн олонхийг сөхрүүлж байгаа Зөрчлийн хууль...

Монголын нийгэм ихээхэн хатуу хууль дүрэмтэй болж, нэг ёсондоо сүйдтэй гэм буруутай хэрэг хийгээгүй олон Монгол эрчүүд байнгын айдас түшгүүртэй амьдарцгааж, олонхи нь 7-30 хоног баривчлагдан хоригдож, эрх чөлөөгөө хязгаарлуулах болоод жил таван сарын хугацаа өнгөрч байнам. Бүр тодруулвал 2017 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хуучнаар Эмэгтэйчүүдийн хорих буюу Баянзүрх дүүргийн нутаг, “Ургах наран” хорооллын наана байрлах Баривчлах төвд 250 орчим хүн байнга эрх чөлөөгөө хасуулан хоригдож байгаа ажээ.

     Тэнд хоригдож байгаа дээрх 250 орчим Баривчлагдан саатуулагчдын ихэнх нь Гэр бүлийн зөрчил буюу эхнэр, хадмууд, хүүхдүүдээс нь өгсөн ялимгүй гомдлын үгтэй Өргөдөлийн улмаас 7-30 хоног эрх чөлөөгөө хасуулагчид байдаг юм байна. Жишээлбэл 30 хоногийн баривчилгаагаар Багануур дүүргээс хүргэгдэн ирсэн иргэн Д.Г-ээс ялимгүй тодруулга авбал “Би олигтой хоол хийсэнгүй гэж эхнэртээ утсаар хэдэн үг хэлтэл гомдож уурласандаа болоод цагдаад өргөдөл өгчихсөн байсан. Тэгээд маргааш нь намайг Шүүхээр оруулах гэж байгааг мэдэнгүүтээ манай эхнэр “Ингэж шүүхээр оруулах юм гэж огт бодоогүй. Надад ямар ч гомдол байхгүй тул Өргөдлөө буцааж авъя” гэтэл “Та битгий Цагдаагийн албаар тоглоод байгаарай. Та нэгэнт л өргөдөл өгсөн бол нөхрийг чинь шүүхээр оруулахаас өөр арга байхгүй. Зөрчлийн хуулиар тийм л үйл ажиллагаа явуулахыг хуульчилсан байгаа” гэсэн байна лээ. Тэгээд л шүүхээр орж 30 хоногийн Баривчлах ял аваад энд сууж байна. Би ч яахав эрх чөлөөгөө хасуулаад, энд жигтэйхэн муухай хоол нэртэй хачин юмыг өлсөхийн эрхэнд ам руугаа дөхүүлээд сууж байна. Харин намайг энд 30 хоногийн ажлаа алдаж суухад надаас өөр тэр гэр бүлийг тэжээх хүн байхгүй болохоор өнөө хэд маань л хэцүүдэж байгаа даа” гэсэн юм. За тэгээд жолооны үнэмлэхгүйгээр авто машин жолоодсоны улмаас болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 7-30 хоногийн Баривчлах ялаар шийтгүүлсэн 18-65 насны 50 гаруй хүн ч байна лээ. Мөн “Гэрийн даалгавараа хийгээгүй хүүхэддээ хатуу үг хэлсний төлөө”, “Нөхрийнхөө эрх чөлөөнд халдсан”, “Хадмуудтайгаа суудалцсан” хэргээр 7-30 хоногийн Баривчлах ялаар шийтгүүлсэн 15 орчим 18-35 насны бүсгүйчүүд ч байж л байна. Тэнд Баривчлах ял эдэлж байгаа 230 орчим эрчүүдийн олонхи нь “Эндээс гараад очиход ажлаасаа халагдах нь тодорхой. Саяын өнгөрдөг мягмар гарагт цагдаад Өргөдөл гарган өгч энд баривчлуулсан эхнэр эргэж ирээд баахан уйлж “Танай даргатай утсаар ярьсан чинь чамайг ажлаас чинь халсан гэсэн. Одоо эндээс гараад ажилгүй, яаж амьдрах юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би урдаас нь “Намайг ажилгүй болгосон чиний хохь чинь. Одоо чи гурван хүүхдээ, бас намайг өөртэйгөө хамт тэжээгээрэй мэдэв үү” гэсэн гэж байв. Ер нь л тэнд хоригдож байгаа 230 орчим эрчүүдийн ихэнх нь “Монголын хууль шүүх үнэхээр арай дэндүү байна. Энэ зөрчлийн хуулийн улмаас маш олон гэр бүлүүд салж сарниж, олон хүүхэд өнчирч байна. Эхнэрүүд үнэхээр юу ч ойлгохгүй маш их тэнэгтэж, Зөрчлийн тухай хуулийг самууруулж дуусч байна. Монголын эрчүүд шоронг дүүргээд дуусах бололтой” гэцгээж байв. Энэ бүхнээс дүгнэхэд ард иргэд, ялангуяа Монгол эрчүүдийн эрх чөлөөнд бодитойгоор заналхийлж эхлээд байгаа Зөрчлийн тухай хуулийг эргэн авч үзэх, тэнд хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг баримтжуулах, нотлон баталгаажуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Ер нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг торгосон торгуулийн хуудасны тоогоор ажлаа дүгнэж, аль олон хүнийг шүүхээр оруулан 7-30 хоногийн Баривчлах ялаар шийтгүүлж, өөрсдөө шагнал урамшууллаар хучуулж байгаа Мэргэжлийн хяналт, Санхүүгийн байгууллагууд болон цагдаагийн албан хаагчдын ажлыг ч шударгаар нягтлан тогтоох цаг нь болсон мэт санагдана. Хачирхалтай нь цагдаа нарыг торгуулийн нормоо биелүүлээгүй тохиолдолд ажлаас нь халчихдаггүй болохоор тэд шагнал урамшууллаа нэмэгдүүлэхийн тулд тун ч идэвхтэй хөдөлмөрлөдөг гэнэ.

ЦЕГ-ын даргын 2015 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан “Алба хаагчдын ажлыг үнэлэх /Код-111/ журмаар хэсгийн байцаагчдын ажлыг нь дүгнэхдээ Шүүхээр баривчлагдсан хүн нэг бүрийг 5 оноогоор дүгнэдэг болсон нь энэ арга хэмжээний зорилго, хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл байдал хоорондын хамаарлыг алдагдуулж, ард иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенциор баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх, Эрүү шүүлтээс ангид байх эрхийг тус тус зөрчөөр байгааг хаа хаанаа анхаарах цаг нь болжээ. Түүнчлэн төрийн эрх мэдэлтэй байгууллагууд, тэдгээрийн албан хаагчдын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт, шалгуур, журам нь тэдний зүгээс үйл ажиллагааныхаа явцад хүний эрхийг баталгаатай хангаж, дэмжихэд чиглэгдсэн үр нөлөөтэй хөшүүрэг, нөлөөлөл тэр бүрий болж чадахгүй байгааг ч УИХ-ын дарга М.Энхболд болон Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав нар онцгой анхааралдаа авах ёстой болов уу. Хүний эрхийн асуудалтай цаг ямагт тулгарч, тэр болгонд хүний эрхийг хөндсөн ямарваа шийдвэр гаргаж байдаг шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын ажилтнуудын ажлыг дүгнэх журам үзүүлэлтүүдэд хүний эрхийг хангах, зөрчихгүй байх үүрэг зэргээ үйл ажиллагаандаа хэрхэн биелүүлж байгаатай холбоотой ямар ч үзүүлэлт, үнэлгээ байхгүй, ихэвчлэн илрүүлсэн гэх хэрэг, хянаж шийдвэрлэсэн хэрэг маргаан, арга хэмжээ авч баривчлуулсан хүний тоо, оногдуулсан торгууль шийтгэлийн хэмжээ гэсэн хэт нэг талыг барьсан ажлын дүнг голлож, хүний эрхийг зөрчсөн, хохироосонтой холбоотой ажлын доголдол, дутагдал нь ямар нэгэн дүгнэлт, шийдвэрлэлтгүй хоцорсоор байгаа нь өнөөдрийн энэ их гажуудлын зөвхөн нэг тал нь болчихоод байгааг анхаарах ёстой санагдана. Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн нэг дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн энхүү заалт өнөөдөр амьдрал дээр ёстой л “Салан баавгайн үлгэр” лугаа адил үлгэн салган хэрэгжсэн болж байгааг Баривчлах төвд өрнөж байгаа үйл явдлууд нотлон харуулж байна. Үнэндээ Зөрчлийн тухай хууль нь маш өргөн цар хүрээтэй, том хэмжээний хууль юм. Бүх хуультай уялдуулаад түүнээс гарах зөрчлийг хэрхэн шийдвэрлэж, хянан шалгахыг зохицуулсан хууль батлагдсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх институт, боловсон хүчний чадавх орон нутгийн хүрээнд байхгүй байгаа нь өнөөдөр хүний эрхийг зөрчих, цагдаагийн албан хаагчид хэт нэг талыг барьж, дураараа авирлах үндсэн шалтгаан болж байгаа юм. Зөрчлийн тухай хууль нь эрх зүйн хувьд сайн болсон гэдэж байгаа ч хэрэгжүүлэх орчин 100 хувь бүрдээгүй байна. Хууль хэрэгжилтийг шударга, зарчимчаар хангахад Засгийн газар, төрийн зүгээс хийх ажил маш их байгаа юм. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцдаа хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь зохицуулах, үүнээс урьдчилан сэргийлэх талаар Цагдаагийн Ерөнхий газар онцгой анхаарах шаардлагатай нь амьдрал дээр олон асуудлаар нотлогдсоор л байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар "Зөрчлийн тухай хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлэгийг энэ оны гуравдугаар сарын 15-нд төрийн ордонд зохион байгуулахад маш олон иргэд оролцох саналтай байсан ч тэднийг төрийн ордон руу нэвтрүүлэх боломжгүйгээс 100 гаруйхан төлөөлөгч л оролцож байсан билээ. Тухайн хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд нэлээд байгаа юм. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн ихээхэн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд гарсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд ялгавартай тогтоох шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна” гэдгийг онцолж байсан. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд “Хэдийгээр энэ хууль хэрэгжээд эхэлчихсэн ч гэлээ бид баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж, гарч байгаа алдаа дутагдлыг засч залруулж байх ёстой” хэмээж байсан билээ. 2017 оны долоодугаар сараас Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2018 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирүүлсэн гэдэг. Үүнээс 15.000 орчим гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан гэдэг. Энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө цагдаагийн байгууллага 11 төрлийн хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг байсан юм билээ. Тэгвэл 2017 оны долоодугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар нийтдээ 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан гэдэг. Тодруулвал жилд дунджаар 1,5 сая орчим хэргийг шалган шийдвэрлэж байгаа гэсэн. Хичнээн хэрэг бүртгэл гарав гэдгийг өмнө нь мэддэггүй байсан бол Зөрчлийн тухай хуулиар нэгдсэн мэдээлэл авах боломжтой болсон гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлж байсан.

Мөн ард иргэдэд оногдуулж байгаа торгуулийн хувьд ч Зөрчлийн тухай хуульд багагүй өөрчлөлт орсон гэсэн. Зөрчлийн тухай хуулиар хулгайг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьсан юм билээ. Тухайн хулгайч 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Харин 305 мянган төгрөгөөс дээш үнэлгээтэй эд зүйл хувгайлвал Эрүүгийн хариуцлага хүлээлгэж 2-10 жилийн ял эдлүүлж эхлээд байгаа юм билээ. Тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна" гэж зааснаар хуучин Эмэгтэйчүүдийн хорих буюу Баянзүрх дүүргийн нутаг, “Ургах наран” хорооллын наана орших баривчлах төвд өнөөдрийн байдлаар байнгын 200-240 хүн 7-30 хоногийн Баривчлах ял эдэлж байгаа юм билээ. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийллийг хууль зүйн бүрэн үндэслэлтэй, сайтар нягтлан шалгаад шийдвэрлэх ёстой нь тодорхой болсон цаг үед бид бүхэн амьдарч байгаа ч хэт нэг талыг барьж өнгөцхөн дүгнэлтээр олон эрчүүдийг хэлмэгдүүлж байгааг энэ хуулийг голчлон бий болгосон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зэрэг эрхмүүд сайтар ойлгож, дахин нягтлах шаардлага өнөөдрийн амьдралаас урган гарч байгааг хэлэх ёстой. Монголын нийгмийг нийтээр нь шоронжуулахын эсрэг санаа бодолтой л байгаа бол эрхэм гишүүд ч энэхүү Зөрчлийн хуулийг дахин сайтар нягтлан шалгаж, зарим нэгэн зайлшгүй өөрчлөлт, тохируулгыг хийх шаардлагатай байгааг эцэст нь тэмдэглэхийг хүсч байна. Уг нь Монгол айл гэр бүхний голд аавууд нь заларч, гэр бүл бүтэн байвал Монголчуудын ирээдүй тэр хэрээр баталгаажих учиртай билээ..

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • Hi(202.21.106.170)

    2018-10-03 05:26

    hi

  • Ц(66.181.161.62)

    2018-10-03 07:41

    Зөрчлийн хууль арай хэт нэг талыг барьсан бна хятадууд хаа сайгүй ирж нэрээ солиж.монгол бүсгүйтэй сууж . чанаргүй бараагаар монголын.ард түмнийг шулж байхад төр хүчний байгууллага юу хийж бна тэд нарт зөрчлийн хууль ба манай улсын хууль тогтоомж үйлчилэхгүй бна шүү дээ үнэхээр хуулиа барьж ажиллах гэж бна бол нотлох баримт бх хэрэгтэй шүү

  • Ц(66.181.161.62)

    2018-10-03 07:41

    Зөрчлийн хууль арай хэт нэг талыг барьсан бна хятадууд хаа сайгүй ирж нэрээ солиж.монгол бүсгүйтэй сууж . чанаргүй бараагаар монголын.ард түмнийг шулж байхад төр хүчний байгууллага юу хийж бна тэд нарт зөрчлийн хууль ба манай улсын хууль тогтоомж үйлчилэхгүй бна шүү дээ үнэхээр хуулиа барьж ажиллах гэж бна бол нотлох баримт бх хэрэгтэй шүү