TSAHIM.mn

Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж хоёрын зодоон...

Монгол Улсын  энэ намрын улстөр халуухан хэрүүл тэмцлээр эхлээд гуравхан хонох гэж байна. Өнгөрсөн даваа гараг буюу 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын энэ намрын чуулганы эхний хуралдаанд УИХ-ын одоогийн тоогоор 75 гишүүний 70 нь увран цувралдан чуулганы танхимд морилон ирцгээсэн бол Б.Баттөмөр, Л.Болд нар чөлөөтэй, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Ц.Цогтбаатар нар гадаадад томилолтой хэмээн хүрэлцэн ирээгүй билээ. УИХ-ын дарга М.Энхболд сахилга хариуцлагаа  “Гүнзгий ухамсарлаж”  9:22 цагт буюу хамгийн түрүүнд чуулганы танхимд морилсон бол түүнээс дөрвөн минутын дараа МАН-ын залуу гишүүдийн нэгэн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танхимд хөл тавьсан бол 70 гишүүнээс хамгийн сүүлд буюу 10:06 цагт О.Содбилэг гишүүн чуулганы танхимд морилсноор гишүүдийн ирц бүрдсэн байдаг.

Энэ намрын чуулганы нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгээ “Улстөрийн популизм газар авч, сүүлдээ байх ёстой зүйл шиг л ойлгодог болчихлоо” хэмээн тодорхойлсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд зориулан хэлсэн үгээ “Хүмүүстээ ч биш, намдаа ч биш, тогтолцоондоо л бүх асуудлын гогцоо оршиж байна” хэмээн тодотгосон нь Монголын улстөр энэ намрын чуулганаас эхлээд багагүй бужигнаж эхлэхийг нотолсон хэрэг болсон юм.

Ийнхүү намрын чуулган Монгол төрийн тэргүүн болон хууль тогтоох дээд байгууллагын дарга нарын нэлээн ширүүхэн дүгнэлтээр эхэлснээр маргаашнаас нь буюу өчигдрийн мягмар гарагаас эхлээд буцалж эхэлсэн билээ. Тухайлбал өчигдөр өглөөгүүр эхэлсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН болон АН-ын Бүлгийн гишүүдийн хооронд нэлээн ширүүхэн маргаан өрнөсөн юм. 

Энэ талаар тодруулвал АН-аас энэ удаагийн УИХ-д анх удаа сонгогдон орж ирсэн Б.Пүрэвдоржгишүүн"Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн. Энэ бол цэвэр МАН-ын хийсэн ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Үндсэн хуулийн Цэцээр ийм шийдвэр гаргуулчихсан” гэж хэлсэн нь МАН-ын бүлгийн гишүүдийн дургүйцлийг тун их хүргэж, их багагүй хилэгнэсэн билээ. Тухайлвал УИХ-д хамгийн олон сууж байгаа, монголын улстөрд энэ насаараа дархлагдсан нэгэн болох Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Б.Пүрэвдорж оо чи одоо хэн болчихоод, юу гэжийм балай юм яриад байгаа юм. Чи зүгээр цадигтай байгаарай. Бас юм ячрих санаатай болбаримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юмшүү. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр л нэгтгэчихсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн заль мэх байхгүй юу. Б.Пүрэвдоржоо чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэнхүн шүү. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болчихоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм.Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг ямар МАН-ынхан томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Чи зүгээр учраа мэдэж, аштайхан байгаарай" гэсэн билээ.

Түүний энэхүү үгэнд АН-ын залуухан гишүүн Б.Пүрэвдорж тун ч дурамжхан, нэлээн ууртай хүлээж авч байгаа нь тодорхой харагдаж л байсан. Ц.Нямдорж сайдын дээрх үгийг АН-ын дарга С.Эрдэнэ болон Ж.Батзандан, Л.Болд гишүүн нар ч нэлээн эгдүүцэнгүй хүлээн авч байгаа нь андашгүй л байсан.

Тэгвэл тун саяхан төрийн ордны баруун талаар явж байгаад УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны гишүүн дээрх хэл амны эзэн Б.Пүрэвдоржтой санамсаргүй тааралдаж Ц.Нямдорж сайдын дээрх зэмлэлийг хэрхэн хүлээн авсан болон тэр талаар ямархуу сэтгэгдэлтэй явааг нь хальтхан сонирхвол “За би жаахан яаруухан явж байна. Чи ер нь манай өрөөгөөр орж ирээд яриа авч болно шүү дээ. За даа Ц.Нямдоржийн тэр үгний талаар сүйдтэй бодолцоод байсан юм байхгүй. Монголын парламентад хамгийн олон удаа сандал ширээ бөглөөд сууж байгаа Ц.Нямдоржийн хувьд дандаа л янз бүрийн юм яриад, солиорч л байдаг товариш шүү дээ. Түүний үгнээс авах зүйл үнэндээ тун өчүүхэн байдгийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх хойно одоо би араас нь олон тайлбар хийгээд ч яах вэ дээ. Харин чи завтай цагтай Ц.Нямдоржийн өрөөгөөр бас орж түүнээр янз бүрийн юм яриулж болох шүү дээ. Цаадах чинь сайхан хадуураад өгөхөө хэнээр ч заалгахгүй нөхөр л дөө хө” гэчихээд хамт яваа хоёр хүнтэйгээ төрийн ордныг чиглэн яаруухан алхаад явчихсан юм.

Энэ бүхнээс дүгнэвэл Монголын улстөр мөддөө тэгширч, эв зүйгээ олох янзгүй, урьдын адил л баахан бужигнасан хэрүүл тэмцлээр өрнөж, сонгогч олон түүнээс ч хумсын чинээ ч ашиг тустай мэдээлэл сонсож, амьдралд нь ч тус нэмэр болох зүйл урьдын л адил огтхон ч гарахгүй бололтой дог оо. Үнэндээ ч Монголын улстөр өнгөрсөн 28 жилийн турш УИХ-ын дарга М.Энхболдын дүгнэж хэлсэн шиг л “Улстөрийн популизм газар авч, сүүлдээ байх ёстой зүйл шиг л ойлгодог болчихлоо” гэдэг нь хамгийн ойлгомжтой болчихсон зүйл юм. Нөгөөтэйгүүр Монголын улстөрд гүнзгийхэн ороод төдий л удаагүй байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дүгнэсэн шигээр  Монголын ард түмэнд огтхон ч ая буянаа хайрлахгүй байгаа Монголын өнөөдрийн улстөрийн тэмцэл, МАН-АН-аар хуваагдсан бүлэглэлүүдийн тэмцэл нь “Хүмүүстээ ч биш, намдаа ч биш, тогтолцоондоо л бүх асуудлын гогцоо оршиж байна” гэдгийн хамгийн ойлгомжтой нотолгоо болох болов уу. Монголын ард түмнийг 28 жил хууран мэхэлж, бүлэглэн дээрэмдэж, хээл хахууль, албан тушаалын бялуу хуваалтаар Монгол орныг хэсэглэн хуваан залгиж байгаа МАНАН-гийн энэ намрын хуйвалдаан, ширүүн тэмцэл ийнхүү эхэллээ дээ. Хойшид яажшуухан бужигналдах, хэрхэн зодолдох, Монголын ард түмний өмч хөрөнгийг яажшуухан хуваан дээрэмдэхийг нь цаг хугацаа л харуулах нь ойлгомжтой юм даа...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл