TSAHIM.mn

Ирэх 2019 он “Их хулгайлалт, авлига хээл хахуулийн жил” болох уу...

Ирэх 2019 онд ядуухан улс, ядарсан ард түмнээсээ хулгайлж, бүлэглэн дээрэмдэж ханадаггүй улстөрчид, эрх мэдэлтнүүд, хурган дарга нарын бүлэглэн хулгайлалт асар ихээр нэмэгдэж, түрүүвчнүүд нь хагартлаа түнтийх нь ойлгомжтой болж байна. Учир нь 2019 оны улсын төсвийн нийт орлого 9.7 их наяд төгрөг байхаар тооцсон нь жилийн өмнөхөөс бараг хагас их наядаар өссөн дүн болж байгаа юм. Гэтэл тэр их мөнгөнөөс МАН-ын хулгайч эрх мэдэлтнүүд, нэгнээ алдаг алуурчид хэдэн тэрбумыг хулгайлан завших нь одоохондоо хөшигний ард л бужигналдаж байгаа "Нүгэл, бузар" билээ. Аймаар байгаа биз. Нөгөө талаар бүлэглэн хулгайлагч,  авлига хээл хахуулийг цэцэглүүлэгч МАНАН-гийн цоо шинэ залуу үе Монголын улстөр, эрх мэдлийн байгууллагууд руу зогсоо зайгүй чихцэлдэн шургалсаар байгаа нь өнөөдрийн гашуун үнэн болчихоод байгаа нь хаа сайгүй мэдрэгдэж эхлээд байгаа. Харамсалтай нь Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам. доллар болчихоод байхад бүлэглэн хулгайлалт цаг мөчтэй уралдан, асар нарийн аргаар, дэндүү дүрэмгүй зохион байгуулалтаар салбар бүрт язганалдаж байна. Тухайлбал Уул уурхай, Боловсрол, соёл шинжлэх ухаан, Зам тээвэр, Банк санхүү, Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Цагдаа, шүүх эрх мэдэл гээд бүлэглэн хулгайлалт, авлига хээл хахууль, албан тушаалын донтнуудын үүрлэсэн газар бүхэнд бүлэглэн хулгайлалт, авлига хээл хахууль ёстой л буцалж байгаа юм. Ёстой нэг завхарсан цаг үе, хууль, шүүхийнхэн нь МАНАН-гийнхантайгаа хуйвалдаж хулгайлалцаж, эрх баригчид буюу бүлэг дээрэмчид ньшударга хатуу бүхний уяанаас алдуурч мултарсан  жигтэй хачирхалтай  эрин үед амьдарцгааж явна даа Монголын ард түмэн.  

Яг өнөөдрийн бодит үнэнийг тодорхойлвол өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар ард иргэдийнхээ толгойг баахан том том худлаа амлалтаар хөнгөхөөн хууран мэхлээд Монголын төрийн толгойд гарч ирсэн МАН-ынхан дотроо хэд хуваагдаж, эрх мэдэл, эд баялаг, хуваан хулгайлалтын төлөөх баахан бүлэглэлүүдэд хуваагдан тэмцэлдэж, Монголын төрийг завхруулаад дуусгахад дөхөж явцгаана.

Товчхондоо өнөөдрийн эрх баригч МАН-ынхан Монголын төрийн эмх цэгцтэй бүх л бодлого, залгамж халааг задартал нь өшигчин хэмхэлж, зөвхөн намынхаа явцуу эрх ашиг, бүлэг дээрэмчдийнхээ хувааж идэх, хамтран хулгайлах бүх л арга саам, зам мөрийг тэгшилсээр өнөөдөртэй золгоод байгаа нь хаашаа ч бултахын аргагүй үнэн болчихоод байгааг УИХ-ын энэ намрын чуулганы нээлт бас дахин нотлоод өгсөн. Монгол төрийн бодлогыг ямар ч гуйвалт, намчирхсан хуйвалдаангүйгээр цаг алдалгүй явуулж байх учиртай Засгийн газар, түүний яам агентлаг, төрийн бүх л эрх мэдэлтэй байгууллагуудад  МАН-ын улстөржилт хэрээс хэтэрч, хавтгайрсан архидалд, албан тушаалын хэнээрэл, авлига хээл хахууль Монголын ард түмнийг ядуурлын туйл руу түлхэн унагаж байгаа хэрнээ эрх баригч намынхны хагартлаа баяжих дон, хавтгайрсан дээрэмдэлтийг тэнгэрт тулгалаа.   

Монгол Улсын Засгийн газрын өр өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед 16 их наяд, 612 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед 22 их наяд, 642 тэрбум төгрөг болж даруй 6 их наяд, 30 тэрбум төгрөгөөр нэмэгдчихээд байгааг УИХ-ын намрын чуулганы эхлэлийн энэ өдрүүдэд л Монголын ард түмэн сонсон дуулж, гайхаж балмагдацгааж байнам.

Хажууд нь Монголын банк санхүүгийн байгууллагууд нь Засгийн газартайгаа туйлын уялдаа холбоогүй, дур дураараа ажилласан болж байгаатай холбогдож энэ 2018 онд л гэхэд валютын ханш гэрлийн хурдаар өсч, инфляц ч хөөрөгдөж  байгааг бид бүхэн харж, мэдэрч л явнам. Үүнтэй холбогдон эрх баригч намынхны бүлэглэн хулгайлалт, авлига хээл хахууль ч инфляцийн өсөлтөөс түрүүлэн давхиж явна. Тухайлбал тун саяхан 1.3 сая ам долларын хээл хахуулийн хэрэг гарч олон нийтийг ангайтал нь гайхшруулав. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед ам долларын ханш 1950 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед энэ ханш огцом өсч, 2600 төгрөг рүү ойртож явна. Ард түмний амжиргааг шийддэг инфляцийн ханш өнөөдрийн байдлаар 8.8 хувьд хүрч, өмнөхөөсөө 6.6 хувиар өсчихлөө. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг амласнаа биелүүлж, Сайншанд орчимд нефть боловсруулах үйлдвэрээ барьж дуусахаас өмнө А-92 бензиний үнэ 19 хувиар, харин А-95 нь 25 хувиар өсчихсөн.

Тун саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж  Мянганы сорилтын сангаас  2019-2023 онд 350 сася ам долларын буцалтгүй тусламж хүртэхээр болж, тэр мөнгөөрөө Улаанбаатар хотод ус дахин боловсруулах үйлдвэр барьж, Улаанбаатарчуудын ундны усны гол эх үүсвэр болсон Туул голыг авран хамгаалахаар болсноо зарласан нь сайхан л сонсогдож байсан. Гэхдээ өмнө нь ОУВС гэгч “Аварга идэштэн”-ээс нэмж зээлсэн 5.5 тэрбум ам долларыг хэрхэн авлига хээл хахууль, бүлэглэн хулгайлалтгүйгээр яг хэрэгтэй бүтээн байгуулалтад нь 100 хувь үр ашигтай зарцуулж байгаа талаар ямар ч тоо баримт, туйлын үнэн зөв мэдээлэл байхгүй шахам л байгаа нь туйлын жигтэй.

Хамгийн хачирхалтай, Монголын ард түмнийг босч тэмцэхэд ч хүргэж болзошгүй МАН-ын  бүлэглэн хулгайлалт, Монголын төрийг газрын гаваар оруулах шахсан хамгийн  ноцтой хулгай луйврын асуудал бол “Монголын төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, бүлэглэн хулгайлах”-аар санаархсан НИТХ-ын дарга асан, өнөөдөр хаана юу хийж яваа нь ч тодорхойгүй, гэм зэмгүй нэг л өдөр алга болсон Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар, өнөөдрийн УИХ-ын дарга М.Энхболд нарын хэрэг юм. Монголын нийгэмд ил тод болсон энэхүү 60 тэрбумын тохиролцоо, наймаалцал, хулгай луйврын асуудал таг мартагдах шахаж, гэмтэнгүүт нь төрийн хуулийн ямар ч гэсгээлт амсаагүй нь эгдүүцэж тэмцмээр хачирхалтай явдал юм.

Одоогоор Монгол төрийн эрхийг барьж байгаа МАН-ынхны хулгай луйвар өнөөдөр цэцэглэж байгаа ч үүнд нь өширхөн гомдож, аргаа барж байгаа ард түмэн 2020 оны УИХ-ын сонгуулиар өнөөдрийн сөрөг хүчин АН-ын төлөө саналаа өгөх болов уу даа. Гэтэл 2016-2020 онд “Хоосон хоцорсон” АН-ынхан мөн л ахиухан хулгай хийж, хоосорсон халаасаа түнтийлгэхээр улайран дайрцгаах болов уу. Үнэндээ МАНАН-гийн энэ олон бүлэг хулгайчаас Монголын ард түмнийг салгаж, авран нийгүүлсэх “Бурхан багш” нь хаана явдаг юм бол доо, хөөрхий.

Ямартай ч 2019 онд улсын төсвийн орлогыг 9.7 их наяд төгрөг байхаар эрх баригч МАН-ынхан тооцоолон оруулж ирээд байгаа нь “Ирэх 2019 онд бүлэг хулгайч нар улам ч даварч, хаа сайгүй авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, бүлэг дээрэмдэлт сад тавьсан тун ч өгөөжтэй жил болно” хэмээн эрх баригч намынхныг “Зэрлэг бүжиг”-ээ бүжиглэтэл нь хөөргөн баярлуулж эхэллээ. Монголын ард түмэн ингээд л жилээс жилд “Үзээгүйгээ үзэж, үлгэн салган амьдарсан болоод дуусах” бололтой дог оо...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • bболд(202.9.42.43)

    2018-10-04 10:08

    М.Энхболд Бадамжунай нарын бүлэглэлийг устга үр үндсээр нь