TSAHIM.mn

Орчин цагийн Мухаммед Али буюу Шидэт Конор

Холимог тулааны спорт буюу “UFC”-г нэг л хүнээр төлөөлүүлж ойлгоход хангалттай. Хэдхэн жилийн өмнө энэ эрхэм дэлхий нийтэд  тийм ч сонин хүн биш байлаа.  Мэргэжлийн рингэнд 21:4 гэсэн харьцаагаар ноён оргил нь болсон Конор Макгрегор одоогийн амжилтад хүрэхийн тулд өөрийнхөө нөөц бололцоог тултал ашигласан гэдэг. 12 настайгаасаа боксын спортод шимтэж, хүүхэд байхын амьдралын эрээн бараан, ээдрээтэй мөчүүдээс өөрийгөө олсон тухайгаа хэвлэлд дурдсан удаатай.

            Ирландаас төрөн гарсан анхны холимог тулаанч хэрцгий догшин мэт овилгогүй авирладаг ч дотроо хэнээс ч дутхааргүй, уян өрөвч нэгэн. Бусдыг дээрэлхэх үзлийг тэвчдэггүй ба үүнийхээ эсрэг бат зогсож өмгөөлж чаддаг. Итгэхэд бэрх ч гэлээ нэн үнэн. Конор сургуулийн хүүхдүүдэд бие биенээ хүндлэх, дээрэлхэхгүй байх талаар үргэлж зөвлөж хүүхдүүдтэй ойр байж тэдэнд хүндлэлийн чухал ач холбогдлыг ойлгуулахыг хичээдэг бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг аж.

 

 

Аз дагуулсан анхны гэрээ

            Конор 2007 онд Ирландын үндэсний тулаан болох Шударга үнэний рингэд гарсан нь анхны том дэвжээ нь байв. Энэ үеэс л түүний тулааны чадвар ивээн тэтгэгчдийн анхааралд өртөж гэрээ байгуулах санал хүлээн авахад хүргэжээ. 2013 онд түүний холимог тулааны анхны гэрээ хийгдсэнээр Ирландын залуу дэлхийн тулаанч болох замналдаа орсон аж. Тухайн үед UFC-ийн холбооны ерөнхийлөгч Дана Ваят Дублинд ажлаар явж байхдаа Конорын талаарх хүмүүсийн цуу яриаг сонсоод түүнтэй тусгайлан уулзаж, гэрээнд гарын үзэг зурснаар Конорын амжилтын үүд хаалга нээгдсэн. Ийнхүү Конорын түүх шинээр бичигдэж эхэлсэн байна.

 

 

Чихэнд сонсголонгүй сэтгэл үймүүлдэг үгс

Тулаан бүрийн өмнө  хэрэггүй дэмий үгсээрээ өрсөлдөгчөө шатаадаг нь түний нэг онцлог. Огт таашаадаггүй нэг хэсэг байдаг ч тулааны өмнөх сэтгэлзүйн дайралт, тактик гэх мэтээр сайшаалтай хүлээж авдаг хэсэг ч бий. Ямартай ч Конор нударгаараа ч, амаараа ч өрсөлдөгчөө “Нульдаг” нэгэн.

 

 

Үе үеийн дайчдын буцалсан цус

Өөртөө хэт итгэлтэй, бардам зангаасаа болж чичлүүлэх үе байдаг ч энэ түүнд сонин биш гэнэ. Учир нь өнөөдрийн Макгрегорыг бүтээхэд итгэлтэй байдал, бардам, омголон зан нөлөөлсөн гэдэгт эргэлздэггүй байна. Олон үеийн турш тэмцэж ирсэн, дайчин удмын буцалсан цус өөрийнх нь судсаар урсдаг гэдгийг онцолж, угсаа гарлаа сайн мэддэг тухайгаа нэг биш удаа дурдсан юм.

 

 

Эх орноо дэлхийд сонордуулсан Ирланд “азарга”         

Өнгөрсөн жилийн Ирландын нэрийг дэлхийн сонорт хүргэсэн хамгийн чухал хүн бол яах аргагүй Конор Макгрегор юм. Түүний нэр хүнд асар хурдтайгаар түгэн дэлгэрч хүмүүс ч түүнийг Ирландын унаган хүү хэмээн тодотгох болсон. Мэдээж түүний амжилтаар төрөлх нутаг Ирланд ч бахархаж байгаа ба маш их бэлтгэл, хөлс, цус, нулимсаа дуслуулан хичээсэн зүтгэл нь түүнд улс орны хүндлэлийг авчирсан. Харин Конор өөрийн шаргуу зүтгэлийнхээ талаар ярихдаа “Би итгэлд итгэдэг. Миний дасгалжуулагч Жон Кавана шүтлэггүй хэдий ч бусдыг түүний адил бодолтой болохыг ятгадаг. Энэ чинь цагийн гарз биш гэж үү. Хэрвээ хүмүүс тэр бурханд эсвэл энэ бурхан итгэдэг бол түүнийг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. Би тэгж л хүлээж авдаг. Гэхдээ бид өөрсдийнхөө хувьд өөрсдөдөө бурхан нь байж чадна гэж боддог. Би өөртөө л итгэдэг.” хэмээжээ.

 

 

Мөнхийн түшиг Дий Девлин

Конорыг өгсөж уруудахын аль ч цагт нүүр буруулалгүй нэг л зангаараа байсан хүн бол түүний эхнэр. Дий Девлин гэх эмэгтэй 2008 оноос хойш Конорын тулаан бүрийг үзэж бие болоод сэтгэл зүрхээрээ хамт байсан гэдгээрээ Холливүдийн зарим хосуудаас ч илүү нэр хүндтэй. Хэдийгээр хосууд гэр бүлийн талаар төлөвлөөгүй байсан ч 2017 оны 5-р сард Конор Жэк Макгрегор Жэй Ар гэх хүүтэй болсон юм.

 

 

Санхүүгийн сахилга бат сул Конор

Этгээд хачин зүйлд хэтэвчээ нимгэлэх дуртай тэрээр хувцаслалтын өвөрмөц содон шийдлүүдээрээ шинэ тренд бий болгодог. Тиймдээ ч Конор томоохон хувцас загварын бүтээлүүдэд мөнгө цацахаас татгалздаггүй болов уу. Үүний нэг жишээ нь алдарт Dolce & Gabbana брэндийн дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалтад 27,000 ам.долларыг зарцуулсан.

 

 

 

Орчин цагийн Мухаммед Али

Макгрегор, Мухаммед Али нар тулааны өмнө өрсөлдөгчөө доош хийж, зориудаар хоноцын үг хаядгаараа адил төстэй. Гэвч энэ зангаар нь Макгрегорыг,  Алитай адилтгавал эндүүрэл. Түүний спортоор дамжуулж, үзэгчдийн үзэл бодол байр суурийг өөрчилсөн нь Али шиг хүндлэгдэхэд хүргэсэн аж. Шүтэн бишрэгчид нь Конорыг үнэлэхдээ: Сүүлийн 10 жилд төрөөгүй эрэмгий дайчин, дэлхийн хамгийн тулаанч хэмээн алдаршуулдаг. Харин ирланд “Азарга” маань Мухаммед Алигийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээрээ бахархдаг байна.

 

       Нэрт тулаанч өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагедовтой хийсэн тулалдаанд ялагдал хүлээснээр их спортын замналаа орхин, зодог тайлж байгаагаа  мэдэгдсэн юм. Мөн тэрээр хэвлэлийн хурлын үеэр “Би Хабибад ялагдсан ч тэмцэлд ялсан. Зодог тайлж байгаа нь спортоосоо нэг мөсөн холдож байгаа явдал биш” гэжээ.

Мөн Конор өөрийн гэсэн холимог тулааны клуб нээж, шилдэг тамирчдыг бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Энэ нь түүний их спортдоо эргэж ирэх нэг зам байж ч мэдэх юм.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл