TSAHIM.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сандаргаж буй 2019 оны Төсвийн төсөл...

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багагүй сандаргаж буй Ч.Хүрэлбаатар сайдтай Сангийн яамныхны боловсруулан оруулж ирж, УИХ-аар хэл ам хэрүүл тэмцэл ихтэйхэн хэлэлцэгдэж байгаа 2019 оны Улсын Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг өчигдрөөс эхлэн явагдаж, зөвхөн УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлэг гэлтгүй эрх баригч МАН-ын Бүлгийн залуу гишүүдийн зүгээс ч ихээхэн хэрүүл тэмцэл үүсгэн халуухан өрнөж байгаа билээ.

Өчигдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын Ажлын хэсэгт ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад ялангуяа эрх баригч МАН-ын Бүлгийн гишүүдээс ихээхэн эсэргүүцэл үзүүлж байгаа нь мэдрэгдэж байсан юм.

Тухайлбал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас тооцсон ирэх оны Төсвийн зарлага дээр УИХ-ын Ажлын хэсгээс тооцоолон оруулсан 260 тэрбум төгрөгийг нэмж оруулах санал орж ирсэн тул оронд нь хэмнэж хасч болох зардлуудаа тодорхой болго хэмээн МАН-ын Бүлгийн залуухан гишүүдийн зүгээс багагүй хэл ам өдүүлж байсан. Тухайлбал УИХ дахь МАН-ын Бүлгийн хэл амтай залуухан гишүүдийн нэг Ж.Мөнхбатаас эхлээд “Энэ ирэх жилийн төсөв чинь урьд хожид үзэгдээгүй их орлого, зарлагатай төсөл болжээ. Ингэхдээ Төсвийн алдагдлаа 1.9 Их наяд төгрөгөөр тооцсон нь төлөвлөснөөсөө харин ч бүр багасгаад хаячихжээ. Энэ төсвийг чинь сайн нягтлаад үзвэл урсгал болон хөрөнгө оруулалтын зардлууд дотор чинь тэвчиж болох зардал их байна шүү дээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж суусан.

Гэтэл “Тэр хэрээр хэрэгтэй зардлуудыг нь хасчихсан байх юм” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэгчид, гомдол мэдүүлэгчид ч гарч ирсээр л байсан юм.

Тэгээд ч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас оруулан ирсэн ирэх оны төсвийг засч сайжруулах УИХ-ын Ажлын хэсэг гомдолтой гишүүдийн саналыг нэгтгэхэд “Зардлыг дахин 520 тэрбум төгрөгөөр нэмэх шаардлагатай” гэсэн саналууд нэлээн олон гарч ирсэн байна. Харин эцэстээ түүнээс тал хагасыг нь танаж хасаад 262 тэрбум төгрөгийн зардал нэмж оруулахаар болоод хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулаад байгаа нь энэ юм билээ.

Өчигдрийн хуралд МАН-ын Бүлгийн гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Б.Чойжилсүрэн гэгч товариш  “Төсвийн зардлыг 262.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байгаа учраас буцаагаад ийм хэмжээний зардлыг бууруулах шаардлага тулгарсан болно. Тэгээд ч тэр талаар таваас зургаан төрлийн санал гарсан бөгөөд Улаанбаатарын утааг бууруулах асуудалтай холбогдон түүнд хэрэглэгдэх тоноглолууд нь тодорхой хэмжээгээр нягтлан шалгагдаагүй байна гэдэг асуудал дэгдсэн байгаа. Тийм ч учраас 140 орчим тэрбум төгрөгөөс 80 орчим тэрбум төгрөгөөр хасч бууруулах мөн Гаалийн шинэчлэлээс 12 тэрбумийг хасах, Гадаадын зээл тусламжаас 122.2 тэрбум төгрөгийг хасч бууруулах гэх мэт саналуудыг тусгаж өгсөн байгаа. Харин бууруулсан төсвөө эргээд нэмэгдүүлэх саналыг задлах бололцоо байхгүй тул төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт ингэж л оруулан ирсэн юм” гэж байсан.

Түүний дараа МАН-ын Бүлгийн гишүүн Д.Оюунхорол “Улаанбаатараас УИХ-д сонгогдсон 28 гишүүний хотын хөрөнгө оруулалтын асуудал ихээхэн хаягдаж гээгдсэн байна аа. Энэ асуудлыг нэлээн сайн анхааралдаа авах ёстой санагдана. Ялангуяа Хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулагдах төсөвлөсөн санхүүжилтийг өмнөх оныхоос илүү хасч танаж болохгүй ээ. Ийм ч учраас бидний зүгээс 5.6 сая төгрөгөөр төсвийг нэмэгдүүлэн оруулж ирсэн байгаа” гэж байсан.

Энд Сангийн яамны зүгээс боловсруулан оруулж ирсэн 2019 оны төсвийг нягтлаад үзэхэд Цалин, тэтгэврийг нэмэхэд зориулан 672.6  тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн тэтгэвэр, Цалинтай ээж, Хүүхдийн мөнгө зэрэгт 67 тэрбум төгрөг, 877 төсөл арга хэмжээнд зориулан 1.2 Их наяд төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд зориулан 8 тэрбум төгрөгийг тус тус нэмэх санал гараад байгааг дурдах ёстой. Түүнчлэн УИХ-ын Ажлын хэсгээс нэмж оруулсан 262 тэрбум төгрөгийн зардлыг оруулахын тулд мөн тэр хэмжээний зардлыг хасч танах шаардлага гараад байгаа гэсэн. Тиймээс хамгийн эхлээд Улаанбаатарын утааг бууруулах санхүүжилтээс 80 тэрбум төгрөг, Гадаадын зээл тусламжийн сангаас  122 тэрбум төгрөгийг хасч танах санал ихээхэн далайцтай өрнөж эхлээд байгаа юм.

Ер нь одоо хоёрдугаар хэлэлцүүлгийг нь багагүй хэл ам хэрүүл тэмцэлтэй хийж эхлээд байгаа ирэх 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдлээс эхлээд энэ УИХ нэлээн сайн бодлоготой, алсыг харсан шийдвэр гаргах шаардлагатай санагдана. Учир нь 2021 оноос эхлээд “Мазаалай” бондын 500 сая ам долларын өр төлөх, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам долларын өр төлөх, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өр төлөх гээд гурван томоохон өр төлөх шаардлагатай байгаа. Энэ гурван бондын нийлбэр төлбөрийг аваад үзэхээр 2.3 тэрбум ам долларын өр төлөх ёстой болж байгаа юм. Мэдээж энэ бол их том тоо шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүд өнөөдөртөө “Хөрөнгийн зардлыг 37-хон тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж байгаа нь ямар жигтэйхэн юм бэ. Нийт хөрөнгө оруулалтын зардлын  нэгхэн хувь ч хүрэхгүй нөлөөллийн улмаас  бид бодлогоо эвдэх гэж байгаа нь үнэндээ ямар ч утга учиргүй үйлдэл болж байна” хэмээн маргалдаад сууцгааж байна.

Түүнээс гадна “Хийхээр төлөвлөж байгаа 3.7 Их наяд төгрөгийн дийлэнх хэсэг нь дотоод үйлдвэрлэл, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжид огт нөлөөлөхгүй, бодит эдийн засагт шингэхгүй, зүгээр л хэрэглээний импортыг илтэд дэмжихээр болчихоод байна. Энэ нь Монгол Улсын Гадаад тэнцлийг улам муутгаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулах гол хүчин зүйл болох юм” гэсэн хатуухан шүүмжлэл өрнүүлэгчид ч олон байсан юм.

Ийнхүү У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын тооцоолсон 2019 оны Төсвийн зардал нь хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ явцад хэр зэрэг нэмэгдэх вэ гэдэг нь өнөөдөртөө тодорхойгүй байгаа юм. Гэхдээ ихээхэн гомдолтой байгаа УИХ-ын гишүүдийн тойргийг харж үзэхээс эхлээд дутуу орхисон санхүүжилтүүдийг нь нэмэгдүүлж магадгүй болчихлоо. Ингээд Төсвийн орлого зарлагын заалт нэг бүр дээр нухацтай хэлэлцдэг хоёрдугаар хэлэлцүүлэг нь ямартай ч ирэх долоо хоног хүртэл хэл амтайхан сунжирна гэдэг нь тодорхой болчихлоо. Энэ дунд УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн зүгээс ямархуу эсэргүүцэл тэмцэл өрнүүлэх, мөн түүнчлэн эрх баригч МАН-ын Бүлгийн залуу гишүүдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын оруулж ирсэн 2019 оны Төсвийг хэрхэн ад үзэж, хэрүүл тэмцэл өрнүүлэх нь дөнгөж өчигдрөөс л эхлээд явж эхлэв.

Сүүлийн өдрүүдэд “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна, тэр ажлаа хийж чадахгүй байна” гэсэн хатуухан шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлээд олон залуу гишүүн гаргаж эхэлсэн нь “Монголын улстөр энэ өвлийнхөө тэмцэлд шилжлээ” гэсэн хардлагыг ард иргэдэд төрүүлж эхлээд байгаа юм. Харин энэхүү тэмцэл аль хэр хурцдахыг цаг хугацаа л нотлон харуулах болов уу...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл