TSAHIM.mn

Гавъяат О.Насанбурмаад Хөдөлмөрийн баатар олгох болов уу...

Унгарын нийслэл Будапешт хотод өнгөрсөн долоо хоногийн хагас сайн буюу 20-нд эхэлсэн эрэгтэйчүүдийн 51 дэх, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, дүнгээ гаргаж байгаа билээ. Монгол Улсаас энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй бөхчүүдээс 57 кг-д гавъяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавъяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д гавъяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Л.Төртогтох, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо тус тус барилдсан бол эмэгтэй бөхчүүдээс 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 68 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-д гавъяат тамирчин О.Насанбурмаа, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг  нар хүч үзэн барилдаж, Будапештийн дэвжээг медалийн хураар ундаалсан билээ. 

Европын Монголчууд гэгддэг Унгарчуудыг гайхшруулж, Будапештийн дэвжээн дээр гялалзсан бөхчүүдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн наймдугаар сард болсон сорилго тэмцээнээр тодорсон гэдгийг бөх сонирхогчид санаж л байгаа байх.  Харин дээрх сорилго тэмцээнд түрүүлсэн гавъяат тамирчин П.Орхон, ОУХМ Ш.Түмэнцэцэг нарын оронд Э.Гантуяа, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нарыг энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сойхоор болсон билээ. Учир нь Азийн спортын 18 дугаар наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д түрүүлсэн гавъяат тамирчин П.Орхоноос допингийн төрөлд багтах хориотой бодис илэрсэн бөгөөд ийм ч учраас гавъяат тамирчин П.Орхон энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болсон. Харин ОУХМ Ш.Түмэнцэцэгийн хувьд бэртэл гэмтэлтэй байсанучраас энэ удаад гэртээ үлдсэн байдаг. 

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон манай эмэгтэй бөхчүүдээс ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглосон “Аваргууд” академийн бөх, ОУХМ Т.Түвшинтулга эхний тойрогт Азийн Аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Казакстаны бөх У.Жолдосбековыг 8:6-гаар ялсан ч удаах даваанд 2017 оны дэлхийн дэд аварга, Европын Аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальтай, ОХУ-ын бөх Г.Рашидовт 2:1-ээр дийлдсэнбилээ.

Улмаар орос эр шигшээд шалгарснаар манай бөхөд дагаж барилдах боломж гарсан билээ.Спортын хүрээнийхэн “Бооёо”гэдэг нэрээр нь андахгүй ОУХМ Т.Түвшинтулга дагах тойрогт ЭнэтхэгийнбөхСонга Гонганег 7:0, хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн Б.Ломтадзег 6:3-аар ялж Будапештийн дэвжээн дээр Монгол төрийн далбааг мандуулсан юм.Тэрбээр хоёр жилийн өмнө Дэлхийн цомын аваргад өрсөлдөхдөөБ.Ломтадзегмөн л хөмөрч шидээд цэвэр дийлснийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2016 оны шилдэг барилдаанаар онцолж байсан билээ.

Т.Түвшинтулга дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа өрсөлдөөд чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын 31 дэх бөх болж алдраа мандууллаа. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч түүхэн гавъяа байгууллаа. Тэрбээр “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн Аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн Аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн Аварга шалгаруулах тэмцээний хошой алт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн, Сассаригийн Олон улсын тэмцээний   аварга, “Mongolia Open” Олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын долоон удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэдэх болов уу.

Монгол Улсын гавъяат тамирчин О.Насанбурмаа 10 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ зодоглож Будапештйн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Красноярскийн “Алтан Гран при”, “China Open” Олон улсын тэмцээнүүдэд аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр ялсан билээ.

Харин алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдан мөнгөн медаль хүртэв. Гавьяат тамирчин О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөхболсноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүж байгаа хосгүй амжилтын эзэн болов.

Монгол Улсын гавъяат тамирчин О.Насанбурмаагийн хувьд 2014 онд дэлхийн шилдэг оюутан бөхөөр шалгарч байсан бөгөөдтүүний анхны багш нь спортын мастер П.Чулуунбаатар бол одоо“Гацуурт олимп” клубт Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлагадорбэлтгэл сургуулилтаа базааж, дэлхийн дэвжээнд бяр хүчээ гайхуулж яваа билээ.

Ямартай ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг Будапештийн дэвжээн дээр бяр хүчээ гайхуулан дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа зүүх болов уу хэмээн Монголын бөх сонирхогчид хүлээж байсан ч Хөдөлмөрийн баатар тэрхүү хүлээлтийг амжилтаар хариулж чадаагүй бол гавъяат тамирчин О.Насанбурмаа дэлхийгээс дөрөв дэх медалиа хүртсэн Монголын анхны бөхөөр  тодорч, тэгэх тэгэхдээ дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн гайхалтай амжилтын эзэн болж бөх сонирхогч түмнээ баярлууллаа. Дэлхийн дэвжээнд 10 дахь удаагаа зодоглохдоо мөнгөн медалиар энгэрээ мялаасан О.Насанбурмаа гавъяатын энэхүү амжилт бол Монголын чөлөөт бөхийн түүхэнд “Алтан үсэг”-ээр тэмдэглэгдэх түүхэн гавъяа гэдэгтэй бөх сонирхогчид сэтгэл бүрэн нийлэх нь ч ойлгомжтой юм. Ямартай ч түүний энэхүү амжилт нь Монголын чөлөөтийн бөхчүүдийн хувьд хамгийн анхны бахдам амжилт мөн юм. Монголын Чөлөөт бөхийн холбоо болон төр Засгийн зүгээс ч түүний энэхүү бахдам амжилтыг тодорхой хэмжээгээр үнэлэх нь ч ойлгомжтой болов уу. Нэг ёсондоо Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анх удаа дэлхийгээс дөрвөн медаль энгэртээ зүүсэн түүний бахдам амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зохих ёсоор нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын Алтан таван хошуугаар энгэрийг нь мялаах болов уу яах бол гэсэндээ энүүхнийг тэрлэв. Сайн амгалан болтугай...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл