TSAHIM.mn

Д.Сумъяабазар: Энэ жилийн үлдсэн хугацаанд 15 сая тонн, ирэх жил 42 сая тонн нүүрс урагш нь гаргахаар болж байгаа...

Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазартай төрийн ордны хонгилд таарч Уул уурхайн салбарт өрнөж байгаа үйл явдлууд болон Төмөр замын бүтээн байгуулалт, Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулагдаж эхлээд байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. Мөн Улаанбаатар хотын МАН-ын Хороон даргын хувиар Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын ажил үйлсийн талаар ч ямархуу байр суурьтай байгааг нь сонирхож асуусан юм. Ингээд Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн яамны сайд болон Улаанбаатар хотын МАН-ын Хороон дарга Д.Сумъяабазарын яриаг таалан болгооно уу...

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдтай хийх ярилцлагаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж эхлэхээр дэд бүтцийнх нь ажлууд хийгдэж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямархуу түвшинд явж байгаа талаарх асуултаар эхлэе гэж бодлоо. Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн яамны сайдын хувьд энэ талаар сайн мэдээлэлтэй байгаа болов уу?

-Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьснаас хойш аспальт  бетон хучилттай 17.5 км авто зам байгуулах ажлын хүрээнд хөрс хуулалтын ажил бүрэн хийгдэж 23 хиймэл байгууламж баригдаж, 5 цэгт хоолой суурилуулсан байгаа. Мөн түүнчлэн дөрөвдүгээр зэрэглэлийн 27 км урт Төмөр зам тавих бэлтгэл ажлын хүрээнд 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 10 гаруй машин механизмтайгаар газар шорооны ажлууд хийгдэж төмөр бетон ус зайлуулах хоолойг байрлуулж, 20 орчим гүүр холбоосыг суурилуулчихаад байгаа юм. Мөн 18.2 км Цахилгаан дамжуулах шугам барих ажлын гүйцэтгэл сайтар хийгдэж одоогоор 16 анкер угсарч, 68 тулгууртай  110 квт-ын Цахилгаан дамжуулах цахилгаан утсыг татаж дуусгаад хуваарилах байгууламж, Удирдлагын  байран дахь станцын тоноглол, трансматрын угсралтын ажлыг хийж байгаа юм. За эдгээр ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн эзэд барилга угсралтын явцад ямар нэгэн бэрхшээл тулгамдсан асуудал гарахгүй байгаа талаар саяхан Ерөнхий сайдыг газар дээр нь очиж танилцах үеэр тайлбарлаж байсан. Энэ бүхнээс дүгнээд хэлбэл 2022 онд Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах бөгөөд одоогоор хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35 хувьтай, авто болон Төмөр замын холбоосууд 3.7 км гүүрийн ажил 50 хувь, Төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажил 65 хувьтай явж байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн  110 квт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилгын ажлыг ирэх 11 дүгээр сарын 1 гэхэд дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хэлэх ёстой.

-Газрын тос боловсруулах төрийн өмчит компанийн талаар ямар нэгэн шийдвэр гарсан уу. Ер нь энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн юм бол?

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ажиллах үеэр хөндөгдсөн зарим асуудлуудыг шийдвэрлэсэн байгаа. Тухайлбал Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг манай яам болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Цаашид түүхий Газрын тосны найдвартай хангамж бий болгох чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийх, дамжуулах хоолойн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Төслийн менежментийн зөвлөх болон Гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зэрэг чиглэлээр шуурхай ажиллахыг Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн сайд миний бие болон агентлагийн дарга нарт даалгасан байгаа. Мөн Тавантолгойн нүүрсний тээвэртэй холбоотой, экспортыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ч ярилцсан байгааг дурдах ёстой болов уу.

-Нүүрсний экспорт одоогоор яг ямархуу түвшинд явж байгаа бол. Тухайлбал өдөртөө яг хэдэн тонн нүүрс урагшаа гарч чадаж байгаа бол? 

-За яг одоогоор бол өдөртөө 1300-1400 орчим том оврын авто машинаар нүүрс урагшаа гарч байгаа болно. Бидний зүгээс  нүүрс гаргаж байгаа том оврын авто машины тоог улам нэмэгдүүлж, өдөртөө 1700 орчим авто машинд хүргэх, ингэснээрээ Улсын төсөвт орж ирэх валютын нөөцийг огцом нэмэгдүүлэх, мөн гаргаж байгаа нүүрснийхээ  хэмжээг яаралтай нэмэгдүүлэн Олон улсын түвшинд Апио хийх гэж байгаагаа хурдавчлах зэрэг эерэг зүйлүүд харагдаж байгаа юм.

Ер нь бол бидний зүгээс урагшаа гаргах нүүрснийхээ хэмжээг энэ оны төгсгөлд 15 сая тоннд хүргэхээр үлдэж байгаа хугацаанд тодорхой зорилго тавиад ажиллаж байгааг хэлэх ёстой. Одоогоор 12 сая гаруйгаар тооцсон байна лээ, манай мэргэжилтнүүд. Миний зүгээс үлдэж байгаа хугацаанд 15 сая тоннд хүргэчихвэл манай улсад орж ирэх Эрдэнэс Тавантолгойн борлуулалтын орлого, валютын хэмжээ нь ч аль аль талдаа өгөөжтэй байх болно хэмээн дүгнэж байгаа юм. Мэдээж эргээд Олон улсын зах зээлийн түвшинд Эрдэнэс  Тавантолгойн  үнэлгээ ч зохих ёсоор нэмэгдэхэд чухал нөхцөо бүрдүүлэх болно гэж үзэж байгаагаа дурдахад сэтгэл өндөр байна.

-Шивээ хүрэн, Сэхээ чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямархуу түвшинд явж байгаа бол. Тэр чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барина гэсэн үү үгүй юу?

-Тийм шүү. Шивээ хүрэн, Сэхээ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай байгуулах талаар яригдаад шийдвэрлэгдэж байгаа. Харин тэр чиглэлийн төмөр замаа Нарийн сухайт, Шивээ хүрэн чиглэлийн замтай хамтад нь барьж байгуулахаар Засгийн газрын хурлаар шийдвэрлэсэн юм. Ингэснээрээ нүүрсний экспорт жилдээ 18-20 сая тоннд хүрч нэмэгдэх болно гэж тооцоолж байгаа юм. Иймээс ч төрөөс Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний талаарх УИХ-ын 2014 оны 64-р тогтоолд Нарийн сухайт, Шивээ хүрэн хэмээн нэмэх төсөл боловсруулан өргөн мэдүүлэхээр болоод байгаа юм. Ер нь Нарийн сухайт, Шивээ хүрэн чиглэлд төмөр замтай болсноор нүүрсний экспорт тэр хэмжээгээр нэмэгдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийнх нь өртөг ч 2-4 дахин буурч байгаль экологид учрах сөрөг нөлөөлөл нь ч тэр хэмжээгээр эрс буурах зэрэг олон сайн давуу талтай болох юм.
Нарийн сухайтын нүүрсний бүлэг орд нь Уул уурхайн салбарын экспортын 50 хувийг дангаараа гаргадаг том орд учир тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг сайтар дэмжих ёстой нь ч тодорхой харагдаж байгааг хэлэх ёстой.

-Ирэх онд Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийн талаар яригдаж байсан. Энэ талаар ямар шийдвэрүүд гарч байгаа юм бол?

-За тийм ээ. Ирэх 2019 онд Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн комипанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталсан байгаа. Өнгөрсөн онд нэр бүхий 26 аж ахуйн нэгж Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 94.700 тонноос доошгүй хэмжээнд байлгаж тогтвортой хангасныг хэлэх ёстой. Харин одоо хөрөнгийг нь шийдсэн тохиолдолд улсын нөөцөд 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой хэмээн манай яамны зүгээс үзэж байгаа юм.

Бүр тодруулвал энэ жилийн тухайд өсөн нэмэгдэх магадлалтай гэж үзээд 116.550 тонн шатахуун түлшний нөөцийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоолоо албажуулан гаргасан байгаа. Манай иргэдийн зүгээс бухимдаад байгаа зүйл нь шатахууны үнийн асуудал байгаа юм л даа. Шатахууны үнийн асуудлын тухайд Олон улсын Хөрөнгийн биржүүд дээр нефтийн ханш өсч байгаатай холбогдон Монгол Улсад импортоор орж ирж байгаа нефть шатахууны үнэ зохих ёсоор өссөн асуудал явж байгаа юм. Энд Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн яамны зүгээс нөөц хангамжийнхаа асуудлыг найдвартай, баталгаатай түвшинд болгох, үүнтэй холбогдон аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаад Үнийн зөвлөлийг хуралдуулсан байгаа. Үнийн зөвлөл дээрээ бид нар сая Засгийн газрын хуралдаанаар оруулсан Рось нефть компанитай хэлэлцэж байгаа Ажлын хэсгүүдийн явцын талаарх тодорхой мэдээллүүдийг аж ахуйн нэгжүүддээ өгөөд, бидний зүгээс бодлогын асуудлууд дээрээ дунд болон урт хугацаандаа ОХУ-ын Рось нефть компанитай тогтвортой хамтын ажиллагаа, тогтвортой үнийн бодлого дээр шийдвэрээ гаргаж, 11 сарын 15-нд багтан аж ахуйн нэгжүүддээ чиглэл гаргаж өгнө гэдгээ хэлсэн байгаа.

-Ирэх онд нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэнэ гэсэн тоо явж байсан. Энэ оны эхний 9 сарын байдлаар 30 гаруй сай тонн нүүрс гаргасан байсан. Ирэх жил 42 сая тоннд хүрэх бодит нөхцөл бий болов уу?  

-Байгаа байгаа. Энэ жилийн эхний 9 сарын байдлаар 33.5 сая тонн нүүрс үйлдвэрлэж, урагш нь гаргаж амжсан л даа. Тэгэхээр ирэх 2019 онд 42 сая тонныг бол хангалттай гаргаж чадна л гэж тооцоолж байгаа юм. Мөн түүнчлэн Уул уурхайн бүтээгдэхүүнээ урагш нь гаргаж байгаа 6 Боомтынхоо хяналт шалгалтыг нягт нямбай болгож, бүгдийг нь бүрэн хэмжээний рентген тоног төхөөрөмжөөр тоноглох болно. Энэ жилийн тухайд Тавантолгойгоос багагүй хэмжээний нүүрс хулгайд алдагдсан хэргийг зохих байгууллагууд нь хянаж шалгаад явж байгаа. Мэдээж буруутай этгээдүүдийг тогтоож хариуцлага тооцох нь ч тодорхой.

-Таны хувьд өнгөрсөн есдүгээр сарын төгсгөлөөр ОХУ-ын нийслэл Москва хот болон Таманийн боомтод очиж ажиллаж байсан.м Тухайн үед Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзаж Монголд нийлүүлж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш, тогтвортой байдлын талаар хэлэлцэж, зохих шийдвэрт хүрч байсан байх аа?

-Тийм ээ. ОХУ-ын Роснефть ТӨҮГ-ын Ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзаж Монгол Улсад нефть хайгуулын хамтарсан судалгаа хийх, боловсруулах үйлдвэр барих, Монголын нутгаар хийн хоолой дамжуулах боломжийг газар дээр нь очиж судлах, Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг олон асуудлаар өргөн цар хүрээг хамран санал солилцсон л доо. Мөн Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангах ажлыг Роснефть компани хариуцахаар урьдчилан тохиролцсон байгаа.  

 Ер нь бол Монгол Улсын хувьд шатахуун, түлшзэрэг ньстратегийн чухал бүтээгдэхүүнл дээ. Тиймээс уг бүтээгдэхүүний нөөц хангамжийг зохих түвшинд байлгаж, гаалийн баталгаат агуулах нэмж барих шаардлага тулгарч байгаа юм. Түүнчлэн ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг тогтвортой байлгахад дорвитой арга хэмжээ авах боломжийг эрэлхийлж байгаа.Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтаар барьж байгуулахаар болсоннь үүний тодорхой илрэл юм л даа. ОХУ-ын Роснефть компаниньнефть хайгуул, боловсруулах салбарт маш том туршлагатай.Өнгөрсөн есдүгээрсарын сүүлчээр тус компанийнүйлдвэрлэл хариуцсан орлогч дарга А.А.Романов тэргүүтэй мэргэжилтнүүд манай улсад барих нефть боловсруулах үйлдвэрийн талбай, байгалийн хий дамжуулах хоолой явах зарим газрууд болон олборлолт хийж буй Дачин Тамсагийн 19, 21 дүгээр талбайд очиж ажилласныг дурдах ёстой. 

-ОХУ-ын “Отэко” гэдэг компани Тавантолгойд хөрөнгө оруулалт хийнэ хэмээж байсан. Тэр асуудал юу болж байгаа бол?

-ОХУ-ын “Отэко”компани ТаванТолгойд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж манай нүүрсийг Хар тэнгис дахь Таманийнбоомт дээр буулгаж цаашаа гуравдагч зах зээл рүү гаргах хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Таван- Толгой жилд 25 сая тонн нүүрс Таманий боомтоор гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 25-ний өдөр Таманий боомтын бүтээн байгуулалт нөхцөл байдалтай танилцаж, Отэко компаний захирал М.Литвактай уулзалт хийсэн л дээ. Отэко компани манайхтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бидэнд их боломж бий. Тэр тусмаа ОХУ-тай уул уурхай, үйлдвэр, худалдааны чиглэлийн хамтын ажиллгааны бодлогоо өөрчилж, хийх гэж буй ажлынхаа цар хүрээг зөв харж, шуурхай, ажил хэрэгч хандаж түншүүдийнхээ итгэлийг дааж ажилласнаар бид улсынхаа хөгжлийг шинэ шатанд гаргаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх болно. Өнгөрсөн есдүгээр сарын тэрхүү айлчлал ихээхэн үр дүнтэй болж, олз омог дүүрэн эх орондоо буцаж ирсэн л дээ.   

Энд онцлоход  ирэх 2019 онд тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд манай хоёр орны төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч байгааг дурдах нь зөв болов уу. Тэмдэглэлт ойг тохиолдуулан Роснефть компани ойн арга хэмжээ болон Халх гол сумын шинэ сум төслийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсныг ч манай иргэд дуулж мэдэрцгээсэн болов уу. Халх гол суманд томоохон бүтээн байфгуулалтын ажлууд эхнээсээ төлөвлөгдөөд явж байгаа.

-Таны хувьд Улаанбаатар хотын МАН-ын Хороон даргын хувиар Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг ажлаа сайн хийхгүй бол хариуцлага тооцох талаар саяхан ярьж байсан. Тэр асуудал ер нь юу болж байгаа  вэ? 

-Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдардаг том хот юм л даа. Тэгэхээр энэ том хотод Цахилгаан дулаан, ундны цэвэр ус, агаарын бохирдол, Төв цэвэрлэх байгууламжийн асуудал гээд асуудал нь хурцадсан олон салбар, үйл ажиллагааны зохицуулалт шаардлагатай ажлууд хуримтлагдсаар л байгааг та бид бүгдээрээ л харж, ажиглаж өдөр тутам мэдэрч байдаг л даа. Тэгэхээр хамгийн гол нь энэ том хотыг удирдаж байгаа хүнээс ихээхэн шинэлэг ажлууд, зоригтой ажиллагаа шаардагдах нь ч ойлгомжтой болж байгаа юм. Гэтэл зарим тохиолдолд Улаанбаатар хотын удирдлагууд асуудлаа бүрэн нягтлан шалгаж, үр ашигтай, ухаалаг ажиллах талд алдаа дутагдал гаргадаг юм шиг байгаа юм. Тийм ч учраас нийслэлийн МАН-ын Хорооны зүгээс энэ талаар шүүмжлэлтэй хандаж, асуудлыг нь газар авхуулахгүй шийдвэрлэх тал дээр Улаанбаатар хотын удирдлагуудтай санал солилцон ажиллаж байгаа. Хэрвээ үнэхээр ард иргэдийн шүүмжлэн яриад байгаагаар Су.Батболд дарга ажлаа олигтой хийж чадахгүй байвал хариуцлага тооцох талаар ярих л шаардлагатай болно л доо. Гэхдээ одоогоор тийм сүрхий асуудал дэгдчихээгүй л байгаа юм. Товчхондоо ийм л байх шив дээ...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл