TSAHIM.mn

С.Эрдэнэ: Урьд өмнө үзэгдэж, дуулдаагүй орлого, зарлагатай төсөв явж байгаа...

УИХ дахь АН-ын Бүлэг нь УИХ дахь МАН-ын Бүлгийн 7 гишүүн ЖДҮДС-аас 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээлийг өөрийнхөө болон эхнэрүүдийнхээ нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг компаниудад авч өгсөн асуудлаар эсэргүүцэл зарлаж, энэ долоо хоногийн УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хурлуудад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн тав дахь өдөр гэнэтийн хурал зарлан хуралдуулж ийм шийдвэрт хүрсэнээ даруйхан мэдэгдсэн. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдсан АН-ын VIIих хурлаас тус намын даргаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ талаар ямархуу бодол санаатай явааг нь сонирхож ярилцсанаа эрхэм уншигчид та бүхэндээ сонирхуулж байна. Таалан болгооно уу...

-Ирэх оны Улсын Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн хийж эхэлсэн. Тэр өдөр УИХ-ын Ажлын хэсэгт ирүүлсэн Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад АН-ын бүлгийн гишүүд бараг л бүгд эсрэг санал өгч харагдсан. Тухайлбал У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын тооцсон зарлага дээр УИХ-ын Ажлын хэсгээс 260 гаруй тэрбум төгрөгийн зардал нэмэх санал оруулж ирсэн учраас оронд нь хэмнэж хасч болох зардлуудын асуудалд та бүхэн эсрэг саналтай байсан. Энэ талаарх асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-За ер нь ирэх 2019 оны Улсын төсөв нь урьпд хожид үзэгдэж, дуулдаагүй ихээхэн орлого, зарлагатай төсөв орж ирсэн л дээ. Ингэхдээ Улсын төсвийн алдагдлыг 1.9 Их наяд төгрөгөөр тооцсон байсан нь төвөлөснөөсөө харин ч багасгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсныг та бүхэн сонссон л байх. Гэхдээ Урсгал болон Хөрөнгө оруулалтын зардлууд дотор нь тэвчиж болох зардлууд ч их байсан л даа. Гэхдээ сайн нягтлаад үзэхээр тэр хэмжээгээр хэрэгтэй зардлуудыг нь ч ихээхэн хэмжээгээр хасчихсан байгаа юм. Тиймээс ч Засгийн газраас оруулж ирсэн төсвийг засах УИХ-ын Ажлын хэсгээс сэтгэл дундуур, гомдолтой байгаа гишүүдийн саналыг нэгтгэхэд зардлыг нь дахиад 520 тэрбум төгрөгөөр нэмэх саналууд гараад ирж байна лээ. Үүнээс талыг нь хасч танаад 262 тэрбум төгрөгийн зардал нэмэх санал болгоод хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулаад ирж байсан. Энэ талаар МАН-ын Бүлгийн Ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн янз бүрийн юм яриад л суусан. Бас тэр Д.Оюунхорол ч янз бүрийн юм дуугараад л байсан. Хамгийн гол нь ирэх жил цалин, тэтгэврийг нэмэхэд зориулан 672.6 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн тэтгэвэр, Цалинтай ээж, Хүүхдийн мөнгө зэрэгт 67 тэрбум төгрөг, 877 төсөл арга хэмжээнд зориулан 1.2 Их наяд төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8 тэрбум төгрөгийг тус тус нэмнэ гэсэн мөртлөө яг биелүүлэх, суулгах болохоороо саналууд нь зөрөлдөөд хачин хачин болоод байгаа юм л даа. Энэ мэтчилэн тэр Ажлын хэсгээс нь нэмж оруулсан 262 тэрбум төгрөгийн зардлыг яг оруулах эсэх нь тодорхойгүй болчихоод байгаа учир бидний зүгээс эсэргүүцэл илэрхийлэхээс өөр аргагүй болчихож байгаа юм. Эхлээд Утааны санхүүжилтээс 80 тэрбум төгрөг, Гадаадын зээл тусламжаас 122 тэрбум төгрөгийг хасах санал ч явж л байгаа нь ихээхэн хачирхалтай болчихоод байгааг ч хэлэх ёстой.

-2021 оноос эхлээд Гадаадын бондуудын томоохон өр төлбөрийг хийж эхлэх юм билээ. Тэр ер нь аль хэр найдвартай байх юм бол. Энэ талаар УИХ дахь АН-ын Бүлэг ямархуу дүгнэлттэй байгаа бол?

-Тийм. 2021 онд “Мазаалай бонд”-ын 500 сая ам долларын төлбөрийг хийж эхлэх бол 2022 онд “Чингис бонд”-ын 1 тэрбум ам долларын төлбөрийг хийх юм билээ. Тэгж байтал 2023 онд “Гэрэгэ бонд”-ын 800 сая ам долларын төлбөрийг хийж барагдуулах ёстой болж байгаа юм. Тэгэхээр ийм гурван том бондын ихээхэн өр төлбөрийг 2021-2023 онуудад хийж барагдуулах ёстой болчихоод байхад Ч.Хүрэлбаатар сайдтай Сангийн яам энэ талаар олигтой үнэлэлт, дүгнэлтгүй л явж байгаа юм шиг байна лээ. Энэ гурван бондын төлбөрийн нийлбэр нь 2.3 тэрбум ам долларын өр төлбөр болж байгаа юм л даа. Бас л их мөнгө байгаа биз.

Гэтэл МАН-ын Бүлгийн зарим гишүүн “Хөрөнгийн зардлыг 37-хон тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж байна. Нийт Хөрөнгө оруулалтын зардлын ганцхан хувь хүрэхгүй нөлөөллийн улмаас бид бодлогоо эвдэх гэж байна” гээд л шүүмжлэл өрнүүлээд байгаа.

Яг үнэндээ хийхээр төлөвлөж байгаа 3.7 Их наяд төгрөгийн дийлэнх хэсэг нь дотоод үйлдвэрлэл, Ажлын байр хөдөлмөрийн бүтээмжинд огт нөлөөлөхгүй, бодит Эдийн засагт шингэхгүй, Хэрэглээний импортыг илт дэмжихээр болоод явчихаж байгаа юм. Энэ нь эцэстээ Монгол Улсын Гадаад тэнцлийг муутгаж, Эдийн засгийн өрсөлдөх чадварыг ихээхэн хэмжээгээр муутгах, сулруулах гол хүчин зүйл гэдгийг МАН-ын бүлгийн олонхи гишүүн ойлгохгүй, мэдрэхгүй байгаа юм.

-Танай намын бүлэг УИХ-ын чуулганд долоо хоног суухгүй хэмээн завсарлага авахаа мэдэгдсэн. Энэ нь УИХ дахь МАН-ын Бүлгийн олон гишүүн ЖДҮДС-аас ихээхэн хэмжээний зээл авсантай холбоотой гэсэн. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-ЖДҮДС-ын талаар 2007 онд батлагдсан хуулийг өөрчлөх талаар МАН-ын Бүлэг ярьж эхлээд байгаа нь ЖДҮДС-аас ихээхэн хэмжээний зээлийг өөрийн болон эхнэрүүдийнхээ нэр дээрх компаниудад аваад өгчихсөн гишүүдийнхээ эрх ашгийг л хамгаалах гэсэн оролдлого гэж бид үзэж байгаа юм. ЖДҮДС нь 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой 62 мянган аж ахуйн нэгж, Монгол Улсын 900 гаруй мянган ажиллах хүчний ирээдүйтэй шууд холбоотой юм л даа. Гэтэл Жижиг, дунд гэж ангилсан нэрэн дор ижил тэгш бодлого үйлчилдэгээс шалтгаалан УИХ дахь МАН-ын Бүлгийн олон гишүүн дийлэнх мөнгийг нь өөрийн хамаарлын компаниудад авч өгдгөөс болж хөгжил дэвшил нь зогсонги байдалд орж, хөрөнгө санхүүгийн хувьд ч ямар ч ирээдүйгүй болчихоод байгаа нь нууц биш болчихлоо. Гэхдээ одоо яригдаж байгаа шинэ хуулиар Бичил, жижиг, дунд хэмээн ангилж, татварыг нь бууруулах, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, төрийн бодлогыг хүртээмжтэй нэмэгдүүлэх сайн тал гарч ирж магадгүй тал байгаа юм. Гэвч хөнгөлөлттэй зээлийг банкуудаар дамжуулах, сангаар олгох, бусад яамдад хамааруулах зэрэг асуудлууд ч яригдаж байгаа нь нэг л жаахан итгэлгүй сонсогдоод байгаа юм.

Манай намын Бүлэг яаралтай хуралдаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёрт энэ талаар шаардлага хүргүүлсэн. Тэр нь манай намын Бүлэг Үндсэн хуулийнхаа эрхийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаануудад оролцохгүй гэдгээ УИХ-ын даргад явуулсан шаардлагадаа дурдаж 5 хоногийн завсарлага авсан байгаа. Бид тэрхүү шаардлагадаа ЖДҮДС-аас 950 саяас 1.4 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авчихсан гишүүддээ арга хэмжээ авч, шийдвэрлэх шаардлага тавьсан байгаа.

Уг нь шалгуур давж банкаар дамжих учиртай зээлийг сайдуудын гарын үсгээр дөрөөлөн авчихсан байгаа нь эрх мэдлээ ихээхэн хэмжээгээр урвуулан ашигласан үйлдэл болсон гэж манай намын Бүлэг үзэж УИХ-ын чуулганаас 5 хоногийн завсарлага авсан юм.

-Тэрхүү гарын үсгээ зурсан сайд нь аль яамны сайд юм бол. Яг ямар үйл явдал өрнөөд өнгөрсөн хэрэг гэж та бүхэн дүгнэж байгаа хэрэг вэ?  

-Ямар үйл явдал өрнөсөн бэ гэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь 2018 оны тавдугаар сарын 14-нд “А-88” тушаал гаргаж нэр бүхий УИХ-ын гишүүд болон төрийн албан хаагчдад тэдний шууд эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад 950 саяас 1.4 Их наяд төгрөгийн зээл олгочихсон байгаа юм. Гэтэл ЖДҮДС нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд 5 хүртэлх жилийн хугацаанд 300 саяас тэрбум хүртлэх төгрөгийн зээл л олгодог юм билээ. Гэтэл МАН-ын эрх мэдэлтнүүд ЖДҮДС-аас олгох хэмжээ, байдаг шалгууруудыг нь алгасан ихээхэн хэмжээний зээл олгосон асуудал нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд, эрх мэдлээ ихээхэн хэмжээгээр урвуулан ашигласан үйлдэл гэж  манай намын Бүлэг үзэж байгаа юм.

Тухайлбал Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа  Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато Анарваан” компанид 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын эзэмшлийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Б.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Г.Солтан нь өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн эзэмшлийн “Газар буудай” компани, Н.Учрал гишүүний аавын “Хүннү” компани, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Нүүдэлчин Агро” компани, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” компаниуд тус тус ЖДҮДС-аас нэн хөнгөлөлттэй ихээхэн хэмжээний зээлийг салгаад авчихсан байгаа юм. Төрийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянах, алдсан бол хариуцлага тооцох учиртай Монгол Улсын Ерөнхий Аудитор нь хүртэл “Цэн стайл” компаниараа дамжуулан төрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээгээр, өчнөөн зуун саяар нь салгаад авчихсан байх жишээтэй. Тэгээд одоо ер нь хэнд итгэх юм. Энэ төрийн мөнгө санхүүгийн бодлогод хэн нь хяналт тавих юм. Ийм л ёс бус нөхцөл байдал ихээхэн газар авч, гүнзгийрсэн байх жишээтэй. Ер нь бол Аидутын газраас гаргаж байгаа дүгнэлт энэ тэр нь бол үнэхээр ядуухан, дорой байгаа л даа.

-Ер нь УИХ-аас ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх чиглэл өнгөрсөн онуудад ямархуу дүгнэлт, шийдвэрүүд гаргаж байсан юм бол?  

-За яах вэ дээ. ЖДҮ-үүдийг дэмжих, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмжүүдийг нь сайжруулах чиглэлд 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгүүд суутгаж байсан л даа. Гэтэл Ашиг сонирхлын зөрчилтэй, эрх мэдэлтэй Албан тушаалтнуудын л зорилгыг гүйцэлдүүлэх хэлбэр болчихсон гэдэг нь дээрх тоо баримтуудаас маш тодорхой харагдаж байгаа юм л даа. Ер нь ЖДҮ-ийг хөгжүүлэх санд төдийгүй ер нь Улсын төсвөөс янз бүрийн хэлбэрээр зээл, мөн бусад хэлбэрээр салгаж авчихаад байгаа, түүнээс гадна тендерийн хэлбэрээр авч завшсан, ямар ч гүйцэтгэл байхгүй, мөнгө угаасан маш олон асуудлуудыг бидний зүгээс судлан гаргаж ирэх л болно. Холбогдох хууль хяналтын байгууллага, АТГ, ЦЕГ, Тагнуул гээд санхүүгийн хяналтын бусад газруудад бид бүх л асуудлыг дэлгэж тавих болно.

Ирэх 2019 оны Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэлсэн энэ үед УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын энэ мэтчилэн хууль зөрчсөн, Ашиг сонирхлын ихээхэн зөрчлийг шалган шийдвэрлэхгүйгээр Улсын төсвийг ярих ямар ч боломжгүй юм. Энэ талаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар энэ сарын 30-ны дотор хариу ирүүлэхгүй бол УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралд ч суухгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Мөн түүнчлэн цаашдаа улстөрийн томоохон акци ч зохион байгуулах болно.

-Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар “АН-ын үед Д.Эрдэнэбатаас эхлээд бүгдээрээ л зээл авдаг байсан шүү дээ” гэж байна лээ.
Нээрээ ч АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮДС-аас 8 орчим тэрбум төгрөгийн зээлийг хоёр гурван ч компанид хуваагаад аваад өгчихсөн нь тодорхой болсон бишүү?

-УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Я. Содбаатар“АН-ын үед УИХ-ын бүх гишүүн ЖДҮ-ийнзээл авдаг байсан, одоо МАН-ын үед ч гэсэн бүх гишүүд авч байгаа” гэж л байна лээ. Тэрийг нь ч сонссон л доо. Манай Д.Эрдэнэбат дарга Аж үйлдвэрийн сайд байхдаа гурван компанид зээл авч өгсөн талаар яригдаж л байсан. Хамгийн гол нь МАН-ын Бүлгийн гишүүд шиг өөрийн болон эхнэрүүдийнхээ хамаарлын компаниудад ЖДҮДС-ын мөнгөнөөс 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээл авчихсан зүйл байхгүй, экспортыг орлох эрчимтэй үйлдвэрлэл явуулж байгаа компаниудыг дэмжих хэмжээний зээлүүдийг л олгосон юм билээ шүү дээ.

Тэр талаар сэтгүүлчид та нар хардаж сэрдэж байгаа бол Д.Эрдэнэбат даргаас өөрөөс нь асууж лавлаад сайтар үндэслэлтэй, нотолгоотой л зүйл, баримтыг нь бичих хэрэгтэй л дээ.

-Та бүхэн ЖДҮДС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх мэдээллийг сайтар нягтлан баталсан уу?

-Бидний зүгээс энэ талаар сайтар нягтлан шалгасны  үндсэн дээр л УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаануудаас 5 хоногийн завсарлага авсан хэрэг шүү дээ. Бидний нягтлан шалгасны үр дүнд энэ 2018 онд л гэхэд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуйннэгжүүдзээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь л зээл олгосонбайна лээ. Үүний 122 Аж ахуйн нэгж нь УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан байна лээ. Эргээд бодит байдал дээр энэ зээлд хамрагдахыг хүссэн жинхэнэ үйлдвэрлэгчид нь “Төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй”гэдэг шалтгаанаар зээлээс гадуур үлдээд удсан байсан. "Хэн хүссэнийх нь ч авдаг зээл биш, шалгуур өндөртэй" гэж салбарын сайдньхэлж байгаа нь  дээрх тайлбар уг зээлээрхэнийг, ямар этгээдүүдийгдэмждэгийг харуулж байгаа хэрэг юм.Ер нь бол УИХ-ын 75гишүүний 50 гаруй гишүүд нь энэ зээлд хамрагдсан гэдгийг ч бидний зүгээсмэдэгдсэнбайгаа.

Одоогоор бидний зүгээс Зам тээврийн сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Болорчулуун, Г.Солтан нарын нэрийг ил тод зарлаад байгаа ч удахгүй зээл авсан үлдсэн гишүүдийнх нь нэрийг тодорхой болгон гаргаж ирэхээр ажиллаж байгаагаа хэлчихье.

-Та бүхэн УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт явуулсан ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийн талаарх эсэргүүцлийн шаардлагадаа яг юу гэж дурдсан талаар сонирхуулахгүй юу?

-Албан бичигтээ тэр талаар тодорхой дурдчихсан болохоор одоо би юуг нь ч дэлгэрүүлж тайлбарлах вэ дээ. Зүгээр чамд тэрхүү албан бичгийнхээ эх хувийг танилцуулчихъя. Үүнийг миний ярилцлагатай дэлгэрүүлээд гаргачихна биз дээ. За надтай уулзах гээд хоёр гурван ч хүн манай өрөөнд хүлээж байгаа болохоор ингээд яриагаа өндөрлөх үү дээ. Ер нь бол тав хоногийн дараа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаас ямархуу хариу авсан талаараа танилцуулах боломж гарах болов уу гэж бодож байна даа...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл