TSAHIM.mn

Улстөрийн тоймч Ш.Гантулга хулгайч улстөрчдийн хатуу шийтгэх ёстой гэв

Өнөөдөр Монголд улстөрч нэртэй бүлэг дээрэмчид “Хуульч тогтоогч” нэр зүүчихээд УИХ-д бүлэг дээрэмчдийн баг байгуулчихаад, мэдээлэлд хамгийн ойр байдгаараа ЖДҮДС болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Малын удмыг хамгаалах сан зэргийг сүйрүүлэх шахан тэдгээр санд хуваарилагдсан мөнгийг баруун солгойгүй өөрийн мэдлийн болон эхнэрүүдийнхээ мэдлийн компаниудад авч өгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэхээр “Шар махтайгаа хатаж яваа” жирийн иргэдийн авч чадаагүй зээлээр ёстой л гар, хөлөө угаасан шиг болж явцгаанам.

ЖДҮ-ийг хөгжүүлж, экспортыг орлох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, тэр хэрээр ажлын байруудыг чадлынхаа хэрээр нэмэгдүүлэхээр нойр, хоолоо умартан зүтгээд ч ЖДҮДС-ын зээлд хамрагдаж чаддаггүй жирийн иргэд хэдэн мянгаараа яах учраа олохгүй мунгинацгааж явахад “Хууль тогтоогч” нэртэй УИХ-д үүрлэсэн бүлэг дээрэмчид, бүр тодруулвал ХХААХҮ-ийн сайдаар ажилласан болж байгаад ЖДҮДС-ын мөнгөнөөс өөрийн эхнэр Л.Отгонжаргалын мэдлийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийг аваад өгчихсөн хэргээр МАН-ын Бүлгийн өчигдрийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс чангахан зэмлэл сонсоод, түүнээсээ айж балмагдсандаа өчигдөр ажил тарахаас арай өмнөхөн буюу 16:30 цагийн үед төрийн ордонд “Би улстөрийн хариуцлага хүлээж ХХААХҮ-ийн сайдаас огцорч байна” хэмээгээд явж одсон Б.Батзориг эхний гэмтнээр тодроод байгаа. Гэтэл Б.Батзоригийн ард Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар л гэхэд өөрийн эзэмшлийн “Эпато Анарваан” гэх компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн нүгэлтэн байж л байна. Энэ хоёр сайд нэртэнгээс гадна УИХ-ын гишүүн Б.Болорчулуун, Г.Солтан, Ж. Энхбаяр, Н.Учрал, Н.Оюундарь, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар гээд МАН-ын данстай төрийн мөнгөнөөс хулгайлагчид, ЖДҮДС-ын мөнгөнд хүйтэн савраа лавхан дүрж өчнөөн мөнгийг нь өөрийнхөө мэдлийн компаниуд руу цутгачихсан бүлэг дээрэмчид язганалдаж л байнам.

ЖДҮДС-г дампууруулчих шахсан эдгээр олон дээрэмчдээс ганцхан Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Офицерүүдийн ордноос урууддаг замын эргэлтэн дээр нэг том “Банхарын хөшөө”-г тэрбум зургаан зуун сая төгрөгөөр барьсан хэрэгт буруутгагдаж байсан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг гэгч нөхөр л өөрөө сайдын суудлаас сайн дураараа ховхорсон болж “Улстөрийн хариуцлага хүлээн огцорч байна” хэмээсэн бол Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар гэгч нөхөр ердөө ч ажирсан шинжгүй сандал ширээтэйгээ зууралдаад л сууж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга “ЖДҮДС-г хоосруулчих шахсан гишүүддээ хариуцлага тооц. Түүнээс гадна ирэх 2019 оны Улсын төсөвт баахан үр ашиггүй зарлага оруулж ирсэн болон Мал аж ахуйг дэмжих ямар ч бодлого байхгүй мөн Аялал жуулчлалын салбарыг гаргуунд хаясан, гишүүддээ таван тэрбумаас эхэлсэн мөнгө олгохоор оруулж ирсэн ийм төсвийг баталж болохгүй. Ажлаа олигтой хийж чадахгүй байгаа, хариуцлага алдсан гишүүддээ зэмлэл хүлээлгэхгүй байгаа энэ УИХ сайн дураараа тарах ёстой. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол дэмжигч ард иргэдтэйгээ нийлээд эсэргүүцлийн өлсгөлөн зарласан ч болохгүй гэж газаргүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Энэ УИХ Ерөнхийлөгчийн шаардлагаар тарахгүй гэвэл Эрүүгийн гэмт хэрэг хийсэн энэ олон гишүүндээ ямар хариуцлага хүлээлгэх юм бэ” хэмээсэн байсан.

2016 оны УИХ-ын сонгуулиар баахан ямар ч хэрэгцээгүй нөхдийг УИХ-д сонгон оруулж ирсэндээ өнөөдөр ихэд харамсаж байгаа ард иргэдийн эсэргүүцлийн дуу хоолойн хажуугаар өнөөдрийн “Хууль тогтоогч” нэртэй УИХ-ын гишүүд болон эрх баригч МАН-ын төрийн өндөр эрх мэдэлтэй олон этгээдүүдийн хийсэн хэрэгт хамгийн хатуу шийтгэл ногдуулах ёстой хэмээн хатуухан дуугарч байгаа олны танил нэгэн эрхмийг энд нэрлэхгүй бол болохгүй санагдлаа. Тэр хүн бол ТВ-9 телевизийн улстөрийн тоймч, олонд ихээхэн нэр хүндтэй мэдлэг сайтай, сайн ч улстөрийн тоймч Ш.Гантулга билээ. Тэрээр телевизээрээ дэлхийд өрнөж байгаа улстөрийн болон цэрэг дайны шинэхэн мэдээллүүдийг цаг алдалгүй дангинатал сайхан мэдээлдэг гэдгийг ТВ-9 телевизийг шимтэн үздэг үзэгчид нь андахгүй сайн мэдэх билээ.

Тэгвэл Монголын цадиггүй улстөрчид, УИХ-д үүрлэсэн бүлэг дээрэмчдийг цаг тухайд нь ямагт шударгаар шүүмжилж суудаг улстөрийн тоймч Ш.Гантулга өчигдөрхөн нэгэн ноцтой мэдээлэл хийснийг эрхэм уншигчид та бүхэндээ толилуулж байна. Тэрээр өчигдөрхөн дэлхийн мэдээллийг дамжуулсныхаа дараа “Авлигачдыг олны өмнө буудаж алах хэрэгтэй. Нууц амрагуудынх нь хөрөнгийг хураах ёстой” хэмээн хатуухан мэдэгдэл хийнэ лээ.

Ер нь бол манай өмнөд хөрш БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс орондоо үүрлэсэн оффшор данстнууд, ард түмнийхээ татварын мөнгөнөөс авлигаар баяжигсад, төрийн мөнгийг хулгайлж гадагшаа гарагсадтайгаа тун ч хатуухан тэмцэл явуулж дөрөвхөн жилийн дотор сая орчим авлигачид, төрийн мөнгө хулгайлсан өндөр албан тушаалтнуудад тун хатуухан шийтгэл оногдууснаас 540 гаруй мөнгөн авлигчин, оффшор данстай этгээдүүд, хар тамхи мансууруулах бодистой хутгалдагсдыг  цаазалсан хэмээн “Шиньхуа” агентлагийн мэдээлэлд дурдагдсан байсан билээ. Ер нь бол БНХАУ-ын эрх баригч Хятадын коммунист намын /ХКН/ авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 2012 оны сүүлчээр гаргасан эдийн засгийн хатуу бодлого баримтлах тухай дүрэм журмыг зөрчсөн 6190 албан тушаалтанд 2017 оны 11-р сард хариуцлага тооцсон гэж ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хороо мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжилж байсан. Тэгэхээр ганцхан сарын дотор 6200 орчим этгээдийг хатуухан цээрлүүлж байгаа тул 2017 оны оны эхний 10 сарын байдлаар л гэхэд 53195 этгээдэд хатуу ял зэм тулгаж, нэлээдийг нь цаазалсан нь тодорхой болж байсан байдаг.

Ер нь бол ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хорооноос  хөдөө орон нутгийн засаг захиргаа, нам дотор, Засгийн газрын агентлагууд, төрийн өмчийн байгууллагууд болон төв санхүүгийн байгууллагуудад сар тутамд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдал гаргасан хүмүүстэймаш ширүүхэнтэмцэл явуулж, хариуцлагыг нь ч ихэд чанга хатуугаар тооцдог гэдэг.

Гэтэл манай Монголд төрийн толгой, Засгийн газарт баахан бүлэг дээрэмчид үүрлэж, ЖДҮДС болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Малын удмыг хамгаалах сан, Хүн амын эрүүл мэндийг дэмжих сангуудыг дампууруулчих шахан хөрөнгө мөнгийг нь өөрсдийн болон эхнэрүүдийнхээ мэдлийн компаниудад тарааж өгсөн бүлэг дээрэмчид ямар ч ял зэм хүлээсэн зүйлгүй, тэдгээр сангуудын ихээхэн хөрөнгө мөнгөөр гар, хөлөө угаацгааж ичиж нэрэлхэлгүй хулгайлан цуслацгаасаар өнөөдөртэй золгоод байгааг ард нийтээрээ саяхнаас л мэдэрцгээж, эсэргүүцэл тэмцлээ эхлүүлээд байгаа билээ.

Ямартай ч Монгол төрийн толгойд язганалдсан эдгээр Бүлэг дээрэмчдийн эсрэг Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцлээ албан ёсоор илэрхийлж эхлээд байгаа бол ард түмнийхээ эсэргүүцлийн хүчирхэг дуу хоолойг илэрхийлж, ТВ-9 телевизийн улстөрийн тоймч Ш.Гантулга ширүүхэн мэдэгдэл хийж,төрийн толгойд үүрлэсэн бүлэг дээрэмчдийг эхнээс цаазалж, нууц амрагуудынх нь хөрөнгийг хурааж “Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон” хэмээн мэдүүлж байгаа нь хатуухан ч гэсэн цагаа олсон тэмцлийн дуу хоолой хэмээн ойлгож болох юм. Ямар ч байлаа гэсэн ЖИХ-“д үүрлэсэн бүлэг дээрэмчид, ЖДҮДС-г хоосруулсан бүлэг этгээдүүдтэй хатуухан тэмцэл өрнүүлэх учиртайг Ерөнхийлөгч Х.Баттулга сануулснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүд болон өөрийн танхимын сайд нартайгаа ширүүхэн тэмцэл явуулахаа өчигдөр МАН-ын Бүлгийн хурал дээр тодорхой илэрхийсэн байсан. Тэгээд ч эхнээсээ ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “Дээлээ толгой дээгүүрээ нөмрөхөөсөө өмнө” өөрөө сайн дураараа сайдын суудлаас огцроод явж өгсөн байгаа. Одоо харин Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар болон МАН-ын Бүлгийн бусад дураараа дургигсад, мөн түүнчлэн төрийн өндөр албанд шургалсан бүлэг дээрэмчид өөрсдөө сайн дураараа өөрсдийгөө буруутгаж, зохих ял шийтгэлээ хүлээвэл зохилтой санагдана. Аль эсвэл сандал ширээтэйгээ зууралдаж суусаар улстөрийн тоймч Ш.Гантулгын тайлбарлаж байгаа хатуухан цээрлэлийг хүлээх учиртай юмсан уу. Товчхондоо бүхнийг цаг хугацаа л харуулах нь тодорхой болж байх шиг байнам...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл