TSAHIM.mn

Д.Кёкүшюүзан Батбаяр: Монголын ард түмэн гэдэг үнэхээр тэнгэрлэг, хийморьлог сайхан ард түмэн дээ...

Монголын Сүмогийн Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын гавъяат тамирчин, саяхан АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор энгэрээ мялаасан Монголын “Алтан хараацай” сүмоч Д.Батбаяр энэ өдрүүдэд маш их ажилтай, өнөөдөр 25 жилийнхээ ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа Монголын Сүмогийн Холбоогоо итгэл төгс удирдаж яваа эр хүн билээ. Тэрээр өчигдөр л гэхэд Буянт-Ухаа спорт цогцолборыг Монгол Үндэсний бөхөө шимтэн үздэг бөхөд хайртай Улаанбаатарчуудаараа дүүргэж, чансаа өндөр 64 бөхийн ёстой л “Гал гарсан” барилдааныг зохион байгуулж, түрүүлсэн хүчтэнг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.

Монголын ард түмнийг Японы олон зууны түүхтэй үндэснийх нь спорт болох сүмо бөхөд эргэлт буцалтгүй дуртай, хайртай болгож чадсан гавъяа бол Монголын сүмочдын “Алтан хараацай” байсан түүний нэртэй салшгүй холбоотой билээ.

Ингээд энэ өдрүүдэд яруу алдарт 25 жилийнхээ ойн баярыг ёслон тэмдэглэж байгаа Монголын Сүмогийн Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын гавъяат тамирчин  Кёкүшюүзан Д.Батбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг болгооно уу.

-За өнөөдөр бол Монголын Сүмогийн Холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн баяр ёслол төгөлдөр үргэлжилж байгаа билээ. Яг одоо Буянт-Ухаагийн спорт цогцолбор үзэгчдээр пиг дүүрээд байна. Энэ нь Монголын Сүмогийн Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Батбаярын зохион байгуулж байгаа түрүүлсэн бөх нь 10 сая төгрөгийн шагнал хүртэх, чансаа өндөр 64 бөхийн тун ч өрсөлдөөнтэй өрнөж байгаа барилдааны ач гавъяа билээ.

Ер нь өнгөрсөн 25 жилийн түүхээ эргээд бодохоор танд хамгийн сайхан нь чухам яг юу бодогддог вэ?

-За өнөөдөр ингээд бодоход манай Монголын ард түмэн маань бараг толгой дараалан, бараг бүгдээрээ их багагүй Японы олон зууны түүхтэй үндэснийх нь спорт болох мэргэжлийн сүмод үнэхээр дуртай, ёстой л шимтэн үздэг болцгоожээ.

Өнөөдөр Монгол Сүмогийн Холбооны 25 жилийн ойн баяр наадамд зориулсан чансаа өндөр 64 бөхийн барилдааныг шимтэн үзэхээр Буянт-Ухаагийн энэ том спорт цогцолборыг пиг дүүртэл цугласан үзэгч түмэн Монголчуудаа хараад өөрийн эрхгүй үнэхээр сэтгэл өндөр, маш их баяр жаргалтай байна. Миний хувьд Монголын Сүмогийн Холбооны 25 жилийн түүхт энэ ойдоо холбоогоо тэргүүлээд, үнэхээр сэтгэл өндөр сууж байгаадаа баяртай байна. Хажуугаар нь мөр зэргэцэн Японы мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр ялалтын баяр жаргалыг эдэлж явсан, Монголоос мэргэжлийн сүмог зорин очиж байсан анхны бөхчүүд маань өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, хамтдаа байцгааж байгаад үнэхээр сэтгэл өндөр, маш их баяр хөөртэй байна.

Мөн түүнчлэн өнөөдөр манай олон бөхчүүд Япон оронд амжилттай сайхан барилдаж байгааг манай Монголын ард түмэн андахгүй сайн мэдэж байдагт   сэтгэл их өндөр явдаг. Яг тодорхой хэлвэл Японы олон зууны түүхтэй үндэсний энэ спортыг өнөөдөр Монголын бөхчүүд л толгой дараалан тэргүүлж, олон залуу бөхчүүд их сайхан амжилттай барилдаж байгаа. Нарийн тоо хэлвэл Монголоос нийтдээ мэргэжлийн сүмод 50 гаруй бөхчүүд очиж барилдан аварга, арслан, заан, начин цолуудыг нь удаа дараалан эзэмшиж, үндсэндээ Монгол хүний их зориг тэвчээр, ухаан, бяр тэнхээний хүчин чадлыг Японы ард түмэнд зарлан тунхагласаар өнөөдөртэй золгоод байгааг дэлхий нийт андахгүй сайн мэддэг болсон. Хэдийгээр нэлээн хэдэн бөх залуу насныхаа ид хавыг гайхуулж байсан сүмогийн дэвжээг орхиж зодог тайлан эх орондоо ирсэн ч гэсэн Монгол эх орондоо ихийг хийж бүтээж, маш олон салбарт хөрөнгө оруулалт хийж ард түмэндээ ач буянаа түгээсээр байгаад би өөрөө сүмогийн анхдагч бөхийн хувьд сэтгэл үнэхээр өндөр, баяр жаргалтай явдаг даа.

Түүнээс гадна өнөөдөр л гэхэд манайд саяхан болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн л гэхэд үнэхээр үлгэр жишээг үзүүлж, энэ Буянт-Ухаа спорт цогцолбор маань хоёр хоног пиг дүүрч, Японы болон дэлхийн сүмо сонирхогч олон түмэнд нэгэн гайхамшигийг яруу тодорхой мэдрүүлсэнд сэтгэл өнөөдөр ч тун сайхан байна.  

Тэгээд ч Монголын Сүмогийн Холбооны түүхт 25 жилийн ойд зориулан олон ажил зохион байгуулсаны нэг нь өнөөдөр ийнхүү Буянт-Ухаагийн спорт цогцолбор үзэгч олноор пиг дүүрсэнд үнэхээр сэтгэл өндөр байгаагаа дахин хэлье.
 

-Монголын Сүмогийн Холбооны 25 жилийн ойн нэрэмжит бага насны хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдааны дүн хараахан гараагүй байгаа болов уу. Таны зохион байгуулсан тэрхүү уралдаанд ер нь олон хүүхэд өөрийн авъяас чадвараа сорьсон байх даа?

-Монголын ард түмэн маань бүгдээрээ их багагүй сүмог сонирхон үздэг, түүний төлөө үгээ хэлдэг болсон нь энэхүү бага насны хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдаанаар бас л тодорхой харагдлаа. Яагаад гэвэл сүмогийн талаар тун бага ойлголтой байж болох ч манай хүүхдүүд маань 300 гаруй зургийг уралдаанд ирүүлж, үнэхээр Монгол түмний үр сад ямар ч бөхөд чин сэтгэлээсээ дуртай, хайртай гэдгээ нотолгооцоосон байгаа. Мэдээж тун удахгүй энэхүү гар зургийн уралдаанд авъяас чадвараараа тэргүүлсэн хүүхдүүд Япон оронд аялаж, аав ээжтэйгээ хамт сайхан амарч, тоглож наадацгаагаад ирнэ.

Дээр нь манай маш олон сэтгүүлчид тэдний дунд зарласан уралдаанд авъяас, сэтгэлээ дайчлан оролцоцгоож, их олон сайхан материалууд ирүүлсэнд Монголын Сүмогийн Холбооны Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр өнөөдөр ч гэсэн сэтгэл өндөр явна. Ер нь бол маш олон сайхан үйл ажиллагааг  түүхт 25 жилийнхээ ойн баярт зориулан зохион байгуулсаны нэг томоохон нь яг одоо та биднийг тойроод өрнөж байна даа.

-Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн, үнэхээр хатуухан өрсөлдөөнтэй барилдаан дөнгөж эхлээд удаагүй байна. Таны бодлоор энэхүү чансаа өндөр 64 бөхөөс хэн нь түрүүлж, Монголын Сүмогийн Холбооны нэрэмжит 10 сая төгрөгийн шагналын эзэн болж, аз од нь гийх бол?

-Монголын Үндэсний бөхийн шилдгийн шилдэг, чансаа өндөр 64 хүчтэний энэхүү барилдаанд чухам хэн түрүүлнэ гэдгийг тааж хэлэх арга үнэхээр байхгүй юм. Энд барилдаж байгаа чансаа өндөр 64 хүчтэн маань манай холбооны түүхт 25 жилийн ойд зориулан чадал хүчээ үзэж байгаагаас гадна Улаанбаатарын нийт үзэгчид, түүгээр ч зогсохгүй телевизийн дэлгэц гардаг газар бүрийн иргэдээ зориулан үнэн хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж эхлээд удаагүй байна.

Өнөөдрийн энэхүү барилдаан бол ойрын үед Монголын Үндэсний бөхөд гарч байгаагүй, үнэхээр онц сонирхолтой, ёстой л гал гаргасан барилдаан болох нь ойлгомжтой. За энэ сайхан барилдааны хажуугаар манай урлаг соёлын алдартнууд маань дуу хуураа өргөж, яруу сайхан тоглолтоо сонирхуулна гэсэн.

Ер нь л манай өнөөдрийн энэхүү ойн баярын арга хэмжээ хэний ч сэтгэлийг сэвтүүлэхгүй, ёстой л өв тэгш сайхан болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Тэр олон зуун жилийн түүхтэй Японы үндэсний спорт мэргэжлийн сүмог дөрвөн Их аварга төрөн гарсан Монголын бөхчүүд яах аргагүй тэргүүлж яваа. Мэдээж үндэснийх нь спортыг дан ганц Монголын хүчтэнүүд ээлж дараалан эзлэхээр Япончууд төдийлөн сайшаадаггүй нь тодорхой. Таны хувьд Монголын бөхчүүдээс доод, бага зинданд нь анхлан түрүүлж байсан хүчтэн гэдгийг Монголчууд андахгүй. Одоо өнөөдөр эргээд дурсахад Японы үндэсний бөх мэргэжлийн сүмод Монголын бөхчүүд яг ямархуу байр суурьтай яваа бол?

-Баярлалаа, сайхан асуулт байна. Гэхдээ энэ талаар би дүгнэж хэлэлтгүйгээр Монголын 3 сая гаруй ард түмэн тун сайн мэдэж байгаа нь тодорхой доо. Тэгээд ч одоо энэхүү Буянт-Ухаагийн спорт цогцолборыг дүүргэн цугласан Үндсэний бөх сонирхогчид түмэн олноо харахад л ойлгомжтой шүү дээ. Бидний өвөг дээдэс 800 жилийн өмнө Япон руу хоёр ч удаа дайралт хийгээд Хар салхинд нэрвэгдээд Нагасаги, Кюшю-Такашимура гэдэг газруудаар очиж байсан байдаг. Хэдийгээр зориглосон дайралт нь далайн хүчит Хар шуурганд даруулан амжилттай болж чадаагүй ч тэрхүү дайралтын тухай үлгэр домог өнөөдөр ч Япончуудын дунд хүчтэй яригддаг. Тэгвэл өнөөдөр соёлын хувьсгалаар манай залуучууд үнэхээр Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг бат найдвартай эзэгнэсээр байгааг хэлэх ёстой. Миний хувьд их баяртай байдаг учир нь сүүлийн арван хэдэн жил Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд Монголын залуучууд огт тасрахгүй эзэгнэсээр л байгаа нь цаанаа маш их санаа зорилготой гэдгийг хаа хаанаа бодолцох учиртай юм. Цаашдаа ч гэсэн Монголын бөхчүүд нь Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг ноёрхосоор л байх болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл дараа дараагийн үе шатаа бид нар бас цаг тухайд нь бэлдэж, одоо хүртэл манайх “Кёкүшюүбайя” гэж байгуулаад энд нь зургаасаа долоон настай хүүхдүүд бэлтгэл хийгээд явж байгааг хэлэх ёстой юм. Энэ нь мэдээж дараа дараагийн Японы Их аваргуудын бэлтгэл хүч болно гэдэгт итгэлтэй байдаг. Хамгийн гол нь бид Японд очиж түрүүлээд байхдаа гол нь биш, гол нь олон жил тэрхүү дэвжээг эзэгнэн барилдаж, Монгол-Японы ард түмний харилцан ойлголцол, хамтны ажиллагааны нэгэн том хөдөлгөгч хүчин болсоор л яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг даа.

-Мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэсээр ирсэн Монголын хүчтэнүүд барилдааныхаа хажуугаар ард түмнийхээ сайн сайхан, тусын тулд маш олон буянтай сайхан үйл бүтээж, Түргэн тусламжийн олон арван машин, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тухайлбал Монгол Улсын гавъяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням, 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвдорж, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Ама Д.Бямбадорж, 71 дэх Их аварга Какюрюү М.Ананд нар эх орон ард түмэндээ бэлэглэсээр ирсэн. Энэ бүхнийг та хэрхэн дүгнэж, цэгнэж явдаг бол?

-За их баярлалаа, бас л сайхан асуулт байна. Тэгэхээр өнөөдөр Монголын Сүмогийн Холбооны түүхт 25 жилийн ойн баяр тохиож та бид энэ сайхан хүчит бөхчүүдийнхээ барилдааныг шимтэн үзэж байна. Гэтэл үүнээс өмнө миний найз Монгол Улсын гавъяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням, 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвдорж, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Ама Д.Бямбадорж, 71 дэх Их аварга Какюрюү М.Ананд зэрэг олон хүчтэнүүд өөрсдийн ач буянаа эх орон, ард түмэн рүүгээ урсгаж олон арван Түргэн тусламжийн машин, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нутгийн зон олондоо хандивлаж, бэлэглэж эрүүл мэнд, амьдар ахуйд нь туслалцаа үзүүлсээр л ирсэн. Өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр Монгол бөхчүүд барилдаад 27 дахь жилдээ ороод явж байгаа.

Анх бидний 6 хүүхэд 1990 оны эхээр 16-17-хон настай хүүхдүүд очиж байсан бол өнөөдөр бүгд зодог тайлчихсан. Миний найз Н.Цэвэгням маань Японы сүмогийн дэвжээнд үлдэж, том захирал болсныг Монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Мэдээж найз маань ом захирал болоод тэндээ олон арван хүүхдүүдтэй ажиллаж, сүмо зааж ирээдүйн амьдралд нь бэлдээд явж байгаа. Хажуугаар нь төрсөн нутаг Налайх дүүрэгтээ Хүмүүнлэгийн үйл ажиллагаа гээд ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө маш их буянтай сайхан ажлууд хийсээр л яваа. Мөн манай Аса аварга маань хүртэл ирээд бас маш олон буянтай сайхан ажлууд хийсээр л яваа

Түүнчлэн өнөөдөр Японы сүмогийн дэвжээг ёстой гайхалтай эзэгнэж яваа Хакухо Их аварга маань “Хакухо сан” байгуулаад маш олон удаа хүүхдүүдийн дунд сүмогийн тэмцээн зохион байгуулаад явж байгаа. Хажуугаар нь ганцхан өөрийн аав Дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн нутаг Төв аймаг гэлтгүй нийт Монголынхоо нутаг даяар хөрөнгө оруулалт хийж тусламж дэмжлэгээ байнга илгээсээр л явааг манай ард түмэн их багагүй мэдэж байгаа. Наад зах нь Яармагийн дэнж дээр Японоос Тоёота машиных нь томоохон борлуулалтын зах зээлийг оруулж ирээд Монголчуудыг дэлхийд алдартай энэ машинаар ханган нийлүүлж, нэлээн хэдэн жил болчихлоо. Энэхүү “Мөнххада” брэндийн төвийг өнөөдөр мэдэхгүй насанд хүрсэн Монгол хүнгүй болчихлоо.

За дээр нь манай  Харумафүжи Их аварга маань зодгоо тайлаад удаагүй болохоор янз бүрийн томоохон хөрөнгө оруулалтууд хийгээд эхэлчихсэн байгааг Монголчууд эхнээс нь мэдэрсэн нь тодорхой. Сая хамгийн сүүлд “Шинэ Монгол Харумафүжи” гээд сургууль байгуулаад Монголын хүүхдүүдийн төлөө чин сэтгэлээ зориулаад л явж байна.

За миний хувьд бол та бүхэн мэдэж байгаа. “Кёкүшюүзан Хөгжил сан” байгуулаад ирэх жил 20 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэхээр маш их ажлыг амжуулсныг хэлэх ёстой болов уу. Тухайлбал Улаанбаатарын бүтээн байгуулалтын гол салбар болох барилгын салбарт томоохон бүтээн байгуулалтууд хийгээд л явж байна. Түүнээс гадна Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт тодорхой хөрөнгө оруулалтууд хийж маш тодорхой төслүүд дээр бяр хүчээ үзээд явж байгаа. Яг энэ салбарт ч гэсэн нэлээн гайгүй бүтээн байгуулалтууд хийгээд л явж байна. Энэ жилийн тухайд манайх “Хөрш заан” ХХК байгуулаад нэг сая метр квадрат талбай бүхий Орон сууцны бүхэл бүтэн хороолол байгуулаад явж байна. Яг өнөөдрийн байдлаар бол 750 мянган метр квадрат Орон сууцны хороолол баригдаад явж байгаа.

За үүнээс гадна Эрүүл мэнд, Боловсролын салбарт ч тодорхой ажлууд хийгдээд л явж байна. Тухайлбал Яармагийн дэнж дээр “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн яг өөдөөс харсан “Сакура” нэртэй сургуулийг цоо шинээр байгуулаад явж байна. Энэ мэтчилэн нэгэн цаг үед дэвжээг нь эзэгнэж байсан Монгол бөхчүүд Японы мэргэжлийн сүмогоос зодог тайлж ирээд Монголынхоо төлөө бүх л салбарт хөрөнгө оруулалтаа хийгээд, тодорхой төслүүд дээр үнэхээр бяр хүчээ үзээд явж байгааг дуулгахад үнэхээр урамтай сайхан байна.

Ер нь бол хамгийн баярламаар зүйл бол бид нар ингээд зодог тайлчихаад хөрөнгө оруулаад байгаа нь гол биш бидний дараагийн үеийн залуус буюу нийтдээ 50 гаруй хүүхдүүд бидний араас сүмогийн дэвжээнд барилдаж тодорхой хэсэг нь цолтой болсныг Монголчууд андахгүй. Тэд нэг л өдөр бидний араас эх орон руугаа янз бүрийн хөрөнгө оруулалтууд татна гэдэг нь ойлгомжтой юм.

Нийтдээ 50 гаруй хүүхэд сүмогийн дэвжээнд барилдаж эхнээсээ том цолонд хүрч, ямар нэгэн байдлаар эцэстээ эх орон руугаа л хөрөнгийн урсгалыг эргүүлж дөнгөдөг. Энэ нь л хамгийн гол юм даа. Нэг ёсондоо бүгдээрээ л төрсөн нутаг эх сайхан Монгол руугаа л хөрөнгө мөнгөний асар их урсгал үүсгэчихдэг нь Монгол хүний эзэн Чингисээс өвлөсөн их ухааны ундарга юм даа.

Энэ бүхний үнэ цэн, утга учир, хойшдын их өгөөж хишгийнх нь ундарга дээжийг үнэндээ үнэлж баршгүй юм даа. Өнөөдөр тохиож байгаа 25 жилийнхээ ойн баярын үеэр нийт сүмочиддоо “Баярлалаа” гэдэг үгийг харамгүй хэлэх ёстой гэж бодож байна. Дээр нь манай Монголын нийт ард түмэн маань төдийгөөс өдий хүртэл биднийгээ халуун алга ташилтаараа үргэлж цэнэглэж, цаг үргэлжид сэтгэлийн сайхан халуун илчээрээ ивээсээр ирсэнд 25 жилийнхээ ойн түүхт энэ өдөр хариу талархлыг харамгүй илгээх ёстой гэж бодож байна.

Ер нь ч манай ард түмэн биднийгээ цаг үргэлжид зүрхэндээ тэвэрч, чин сэгтэлээсээ хайрласаар ирсэн болохоор Монголын бөхчүүд төдийгөөс өдий хүртэл Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг бат найдвартай эзэгнэсээр л яваа юм.

Түүхт 25 жилийнхээ ойд зориулан маш олон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь Монголын Сүмогийн Холбоо ихээхэн мөнгөтэйдээ бус хамгийн гол нь ард түмэн, хүүхэд залуус руугаа хандсан л үйл ажиллагаа гэж ойлгож болох юм.
-За түүхт 25 жилийнхээ ойн баярын өдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж, Буянт-Ухаагийн спорт цогцолборын энэ том ордонг дүүргэж чадсан Монголын Сүмогийн Холбооны Ерөнхийлөгч эрхэм гавъяат танд их баярлалаа. Түүхт 25 жилийн ойгоо үнэхээр сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй?

-За маш их баярлалаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд манай Монголын ард түмэн гэдэг үнэхээр тэнгэрлэг, хийморьлог, ухаалаг  сайхан ард түмэн гэдэг нь энэхүү Буянт-Ухаагийн ордныг пиг дүүргэсэн үзэгч олноос бас л тодорхой харагдаж байгаа юм. Ингээд энд цугласан эрхэм үзэгч түмэндээ болон гэр гэртээ цэнхэр дэлгэцээ тасралтгүй ширтэцгээж суугаа нийт Монголынхоо сайхан ард түмэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, баярлалаа..

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл