TSAHIM.mn

Д.Сумъяабазар сайд аа, бензиндээ керосин хольдог ШТС-үүдийн нэрийг зарлахыг шаардаж байна

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019.1.31-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх ШТС, шатахуундаа керосин хольдог” гэж мэдэгдлээ. Хамгийн ноцтой байж болох энэ мэдэгдэл улс төр, томилгоо, цагаан сарын баярт дарагдаж, олон нийтийн хараанаас гарах төлөвтэй байна.

Гэхдээ энэ асуудлыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй. Яагаад гэвэл шатахуунд керосин холино гэдэг нь эдийн засгийн гэмт хэрэг. Төр, ард түмнийг нэгэн зэрэг дээрэмдэж буй үйл явдал мөн. Ямар ч татваргүйгээр орж ирсэн керосиноо шатахуунтай хольж литр тутмыг нь зах зээлийн ханшаар зарж, их хэмжээний ашиг олж, ард түмнийг тонон дээрэмдэж байгаа хэрэг. Мөн төрийн тушаал шийдвэрүүдийг зөрчиж, татвараас зугтсан гэмт хэргийн шинжтэй үйл явдалд орно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Төрийн хяналт, шалгалтаар тогтоогдсон, албаны хүмүүс мэдэж байгаа” гэж хэлсэн.

Хэрвээ энэ үнэн юм бол керосин хольж байгаа компаниудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байна. Манай улсад хууль зөрчигдөж, ард түмэн хохирч байгааг үе үеийн дарга удирдлагууд зарладаг ч, хуулийг хэн зөрчөөд байгааг нэрлэдэггүй гажуудал бий. Энэ гажуудлын гайгаар ард түмэн хохирсоор, бас дахин хохирсоор 30 дахь жилтэйгээ золгох гэж байна. Шатахуундаа керосин хольдог ШТС-үүдийн нэрийг зарласнаар хэрэглэгчид тэднээс дайжина. Ингэснээр иргэдийг тонон дээрэмдэж, шулдаг шударга бус ШТС-үүд дампуурч далд орох ёстой. Харин шударгаар үйл ажиллагаа явуулж буй ШТС-үүд цэцэглэн хөгжиж, ард түмний таашаалыг хүртэх учиртай. Улсаа шатахуунаар хангах үйл ажиллагаа явуулж буй 30 компаниуд дотор шударга ажиллаж буй нь байгаа учраас нийтээр нь бас харлуулж болохгүй. Салбар яам нь, салбарын сайд нь шударга, цэвэр тунгалагаа зарлаж, бохир хар баруунаасаа салах шаардлагатай.

Шантааж хийж байгаа юм шиг, “Керосин хольдог шүү та нар” гэж хэлээд, ард түмний стандарт хангасан шатахуун хэрэглэх эрхийг үл тоох ёс үгүй, Д.Сумъяабазар сайд аа. Аль компани, ямар цаг хугацаанд хэдэн литр керосин оруулж ирсэн түүхийг ард түмэндээ зарлахыг шаардаж байна.  

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл