TSAHIM.mn

Адгууснаас ч дор, бусдыг энэрэх сэтгэлгүй 13 эмэгтэй гишүүнийг ахиж сонгохгүй ганцхан шалтгаан нь хүүхдийн хүчирхийлэл

 

-“Хүүхдийн элч дуучин” Төмөрийн Ариунаа та хаана явна вэ-

Энхрий үрсээ хайрлан, зүүднээс нь хүртэл хамгаалан үнэг хайчлан домнодог  монгол түмэн билээ. Гэтэл өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд мөнгө-ажил-мөнгө гэсэн амьдралын маршруттай, цалин-зээл-өр гэсэн түрийвчтэй ядуу монголд хүнээ хайрлах сэтгэл, хүүхэд хамгаалал гэдэг асуудал хэдийнээ мартагджээ. 2018 онд монгол улсын хэмжээнд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг 90 мянган хүүхэд байна гэсэн судалгаа гарч байсан. Үүнийг засч залруулах талаар дорвитой хийсэн ажилгүй байтал хүүхдийн хүчирхийлэл гэдэг сэтгэл сэртхийлгэм мэдээ 2019 онд өдөр өнжилгүй гарч байна. Хүүхэд алга боллоо олддоггүй, хүүхэд хүчирхийлүүллээ ял шийтгэлгүй Монголын нийгэмд өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан үрс тэр дундаа охидууд бие сэтгэлээрээ, амь насаараа хохирсоор удлаа.

Эргэн санахад 90-ээд оны хувьсгалын шуурганд “траншейн”-ий хэмээх тодотголтой хүүхдүүд бий болсон. Чухам тэр үеэс л монгол хүүхдийн үнэ цэн гээгдэж эхэлсэн болов уу. Тэр үеэс эхлэн хүүхдүүд гудамжинд хаягдаж, бохирын хоолойн харх үүрлэдэг харанхуй хөндийд амьдарч эхэлсэн. Бидний ирээдүй бүгдээрээ манцуйнаасаа алдуурч траншейнд хаягдаагүй ч гэлээ нийгмийн маань, ирээдүйн маань ихээ том орон зай эзгүйрч, ийнхүү гээгдэж хоцорсон.

Харин одоо хүчирхийлэл. Сэвлэгээс нь сүүнийх нь үнэр салаагүй, 10 нас ч хүрээгүй айлын бяцхан охидыг мунаг тачаалаа дарахын тулд ёс бусаар бузарлах болж. Амьдралын анхны юм бүхнийг нь, нандин эрхэмсэг тэр бүгдийг нь ад зэтгэрийн хүслээ номхотгохын тулд хулгайлж, булаасаар байна. Тамлал хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 50-иас илүү хувь нь амиа хорлодог гэсэн олон улсын судлаачдын мэдээ бас нэгийг бодогдуулна. Магадгүй сэтгэлдээ хар толботой, харанхуй там шиг амьдралыг туулж барснаас бие барсан нь дээр гэсэн сонголтгүй сонголтоос үхлийг чиглэдэг биз. Ийнхүү нийгэмд хөсөр хаягдсан хүний алаг үрсийг харсан дэмжсэн, хамгаалсан Хүүхэд хамгаалллын хууль эрхзүйн орчинг бид боловсронгуй болгох чиглэлээр юу хийсэн бэ, өнгөрсөн 30 жилд. Хариулт нь энэ.

Баримт 1. 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан юм.Хохирогчид архи уулган согтоож, хүчирхийлэн, амь насыг нь хохироосон. Энэхүү харгис гэмт хэргийг үйлдэгчид нь Д.Жавхлан, М.Амарбол нар. Гэтэл бага насны хүүхдийг хүчирхийлж, хороосон хоёр этгээд ялын дээд хэмжээ сонссон ч давж заалдан явах нь хэр үнэнд нийцэх вэ. Хүчин хийж, хүүхдийн амь хороосон, нийгмийг цочроосон гутамшигт хэрэг үйлдсэн этгээдүүд давж заалдах эрх, ёс зүй байх ёстой гэж үү.

Баримт 2. Хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины сураг гараагүй байхад дахин ГУРВАН бага насны охид алга болов. Хөдөө орон нутагт эдгээр охид сураггүй алга болсон нь гайхашрал төрүүлж байгаа юм.

Баримт 3. Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай охиныг ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн, хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн. Түүний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тун саяхан шийдвэрлэсэн.

Баримт 4. Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарчээ. Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоосон байна.Хохирогч охины биеийн байдал хүндэвтэр байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар  эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн байна.

Баримт 5. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн III гудамжны IIIтоотоос иргэн 2019.04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон есөн настай Б.Ундармаа охиныг ч мөн хүчирхийлсэн тухай мэдүүлсэн гэх боловч үүнийг цагдаагийн байгууллагаас нотлоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй гэсэн албаны эх сурвалжийн мэдээллийг өгөөд байна.

Баримт 6. Баянгол дүүргийн VII хороо, ...дугаар байрны ... тоотод өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд н.Тодзаяа гэгч нь 4 болон 6 настай хүүг 72 цагийн турш яргалсан хэрэг гарав. Хойд эцгийнхээ яргалалд дөнгөлүүлсэн 4 настай хүү9 удаа хагалгаанд орж, хоёр гар нь хугарч, бүдүүн гэдсээ тайруулан биеийн байдал тааруу байна. Харин түүний ах нь СЭМҮТ-д эмчилгээ хийлгэсэн бөгөөд хойд эцэг нь гэрээсээ хөөж одоо эмнэлэгт байгаа аж. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрнаас 11 настай охин алга болсон мэдээ нийтлэгдлээ. 

Энэ мэт хэргүүд сэтгэл сэрдхийлгэж, зүрх зүсэм хэргүүд ээлж дараалан гарч, энэ нийгэмд хүүхэд хамгаалал байна уу гэдэг асуудал хөндөгдөхөд хүрч байна. Гэтэл “Хүүхдийн төлөө за” гэж дуулдаг дуучид та бүхэн хаачив. Монгол Улсын хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа та хаана явна. Хүүхдийн нэрээр хувийн бизнес хийдэг багш сурган хүмүүжүүлэгчид хаачив. Цахим хуудсаараа хүүхдэд хайртайгаа тунхаглан, хайртай багш, сурган хүмүүжүүлэгч нь хэмээн цоллуулах дуртай хүүхдийн гэх тодотголтой хүмүүс хаана байна вэ. Адгууснаас ч дор, бусдыг энэрэх сэтгэлгүй юм гэж үү, 13 эмэгтэй гишүүнээ. Адгуус хүртэл үр төлөө араатан амьтнаас хамгаалж амиа өгдөг энэ орчлонд хүүхдүүдийнхээ төлөө дуугарах, ажиллах сэтгэлгүй юм гэж үү, энэ эмэгтэй гишүүд. Та бүхэн хүнлэг нийгмийн төлөө, шударга ёсны төлөө бие сэтгэлээ зориулдаггүй юм аа гэхэд үр хүүхдүүдийн маань төлөө ядаж үг хэлж, дүр исгээч. Хэлгүй хонх шиг, таг дуугүй  хэдэн хүүхэн УИХ-д эмэгтэйчүүд, хүүхэд багачуудыг төлөөлж УИХ-д суух шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу. Харгислал, яргалал зөвхөн төмөр торны цаана биш таны гэрийн үүдэнд, орц, гудамжинд ирчихээд байгааг харахгүй байна уу, та 13.

Энэтхэг улс зөвхөн хүүхдийн хүчирхийлэгчдэд зориулж цаазын ялыг сэргээхээр хууль боловсруулж байгаа нь анхдагч

“Эмнести” олон улсын хүний эрхийн байгууллагын тайланд тусгаснаар 2018 онд цаазын ялтай улс орнууд 690 орчим хүнийг цаазалснаас 145 нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэгчид байжээ. Өнгөрсөн жилээс Энэтхэг улс зөвхөн хүүхдийн хүчирхийлэгчдэд зориулж цаазын ялыг сэргээхээр хууль боловсруулж байгаа нь дэлхийд анхдагч жишээ болоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл