TSAHIM.mn

“Нинжа”-гийн Засгийн газар албан бус агентлагуудаа татан буулгах ёстой

Өнөөдрийг хүртэлх үе үеийн Засгийн газар Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэх мэтээр ямар нэгэн нэртэй байжээ. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл хийх гэж, Шийдлийн засгийн газар шийдэл хайж, Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн байх гэж оролдсон. Ерөнхий сайд нар кабинетдаа нэр оноож өгч түүнийхээ хүрээнд үйл хэргээ үргэлжлүүлдэг бичигдээгүй дүрэм нэгэнт бий болсон. Харин энэ удаагийн Засгийн газрын тэргүүн кабинетдаа ямар ч нэр оноолгүй өнөөдрийг хүрсэн нь ямар нэгэн бодлого зорилт, малгай дээвэргүй байсных биз.

Үнэхээр энэ Засгийн газрын үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл ямар ч зорилтгүй өдөр хоногийг аргацааж, үйл явдалдаа хөтлөгдөж шийдвэр гаргасан байдалтай үргэлжиллээ. Ерөнхийдөө ард түмнээ хуйлруулж үндсэрхэг сэтгэл дээр нь тоглосон, хийрхэл, хөөрлийн шийдвэрүүдээр дүүрэн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаар 2020 он руу орж байна. Ёгтолж хэлбэл Засгийн газар нь салют буудуулж ард иргэд нь тээр доороос өнгийн гэрлийг үзэж суухаас хэтрэхгүй он жилүүд өнгөрч байна гээд дүгнэчихвэл хол зөрөхгүй л болов уу. Мал амьдаар нь гаргана гэдгээс өөр юу хийв. Юу шийдэж, шинэчлэв. Юун дээр мэргэжлийн байж чадсан бэ энэ Засгийн газар. Өөрсдийнхөө эсрэг жагсаалыг зохион байгуулж Үндсэрхэг үзэлт бүлгэмүүдийг хөлсөлж, Үндэсний компаниудынхаа эсрэг Нинжа нарыг турхирснаас өөр ямар гавьяа байгуулаа бол.

Хамгийн сүүлд тэд эдийн засгаа хөнтөрч орхих шиг болсон. Лицензийг хуйгаар нь цуцалсан асуудал эх орон гэж цээжээ дэлддэг ард түмэнд үнэхээр таашаалтай, бахадмаар сонсогдож магадгүй. Харин эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсын оюутнаас эхлээд улс орны санхүү гадарладаг хүн бүр энэхүү шийдвэрийг сэрдхийн хүлээж авсан байх ёстой. Олон ч эдийн засагч, судлаач нөхөд уналт руу хөтөлсөн шийдвэр гаргалаа гэсэн дүгнэлт хийснээ танилцуулсаар байна. Нээрэн яагаад Монгол Улсын сангийн авдарын гол артерийн судсыг тачаадан байж хаагаад төсвийнхөө тампууг гөвж орхио юм бол. Яагаад олон мянган уурхайчныг ажилгүй болгож ар гэр авгай хүүхдийг нь хоногийн хоолноос нь салгаж байгаа юм бол. Яагаад энэ Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг шийдвэр гаргаж мөрөөрөө хөдөлмөрлөж яваа таван мянга гаруй иргэнээ гар мухар халаас нимгэн болгов. Энэ бүх асуултын хариулт маш энгийн. 2020 оны сонгуулиар эх орон гэж цээжээ дэлдэгч 200 мянган санал хамахын тулд таван мянган уурхайчин өрхийг самрах бага хэрэг байх.

Ерөөсөө энэ Засгийн газарт чөтгөрийн үг шивэгнэж, хүслээ гүйцэлдүүлдэг албан бус Агентлагууд олон байх шиг байна. Үндсэрхэг бүлгэмүүд нэг хэсэг Засгийн газраар орогнож Эрх баригч намыг эрх баригч намын эсрэг жагсааж чадсан. Одоо Нинжагийн агентлаг байгуулагдчихаад Засгийн газрыг улсынхаа эдийн засгийн эсрэг сэлэм бариулан босгож чадлаа. Энэ Засгийн газар буутлаа сэлмээ хуйлахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн кабинетед Нинжагийн Засгийн газар гэдэг нэр хамгийн ихээр зохих бололтой. Энэ албан бус агентлагуудыг татан буугдахгүй бол монголчууд өөд нар харахгүй.

Л.Гантиг

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл