TSAHIM.mn

Мөнгөн ус асгарсны улмаас хоёр хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суух иргэний гэрт мөнгөн ус алдагдсан тухай дуудлага орон нутгийн шуурхай албанд ирсэн байна. Энэхүү дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газар, Нэгдсэн эмнэлгийн хамтарсан ажлын хэсэг хэргийн газарт очиж ажиллажээ.

Энэ үеэр тухайн айлын унтлагын өрөөнөөс мөнгөн ус илэрч, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллан, тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөн, нийт 1,2 гр мөнгөн ус соруулан авч, аймгийнхаа Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Мөнгөн ус асгарсны улмаас хоёр хүүхэд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эдүгээ эмнэлгийн хяналтад байгаа аж.

Одоогийн байдлаар тухайн айл ямар учраас гэртээ мөнгөн ус хадгалж байсан, мөн хичнээн хэмжээний мөнгөн ус алдагдсан нь тодорхойгүй байгаа  бөгөөд холбогдох албаныхан хэн, хаанаас хэчнээн хэмжээтэй мөнгөн ус ямар зорилгоор оруулж ирснийг тогтоохоор ажиллаж буй юм байна.

Өнгөрсөн мягмар гаригт тус аймгийн Онцгой комисс хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцээд, алдагдсан мөнгөн усны хэмжээг тогтоохын тулд Улаанбатараас мэргэжлийн баг авчрахаар тогтжээ. Мөн мөнгөн ус алдагдсан орчинд хэмжилт, шинжилгээ хийхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас багаж, тоног төхөөрөмж бүхий албан хаагчийг Увс аймагт ажиллуулах зардлыг шийдээд байгаа аж.

Мөнгөн ус алдагдсан хэргийн улмаас Галданбошгот хорооллын 17 дугаар байрны оршин суугчид айдастай байгааг эх сурвалж мэдээлэв. Учир нь мөнгөн ус нь химийн аюултай бодис бөгөөд хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. 10 грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэлх талбайг бохирдуулдаг байна. Нөгөөтэйгүүр мөнгөн ус нь арьс салст, амьсгалын зам, мөн идэж буй хоол хүнс, ундны усаар дамжин хүний биед ордог. Хүнд металлууд нь хүний биеийн цуллаг эрхтэнүүдэд хадгалагдаж, улмаар хавдар үүсгэх зэрэг эрсдэл дагуулдаг байна. 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл