TSAHIM.mn

Чөлөөт бөхийн АШТ-ээс манай бөхчүүд алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд ОХУ-ын Якутын “Триумф” спортын ордонд ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээнд 14 орны 150 орчим тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлджээ.

Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 10 бөх зодоглосноос хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тэмцээний хоёр дахь өдөр 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга алт, 86 кг-д Э.Батмагнай хүрэл медаль хүртсэн бол өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл алт, 92 кг-д спортын мастер Чинбатын Алтангэрэл хүрэл медаль тус тус хүртжээ.

Рорман Дмитриевийн тэмцээний хоёр дахь монгол аваргаар тодорсон М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд Узбекстаны Хасанбой Рахимовыг 2:2-оор, харин Ч.Алтангэрэл Грекийн бөхийг ялжээ. Тэмцээний нийт шагналын сан 1.3 сая рубль бөгөөд түрүүлсэн бөхийг 50, мөнгө 30, хүрэл 15, аваргын багшийг 20 мянган рублиэр шагнасан байна.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл