TSAHIM.mn

Бишкек-2018: Монголын дөрвөн бөх хагас шигшээд шалгарлаа

 

“Бишкек-2018” эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ нэг өдрийн форматаар явагдах бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болж буй билээ.

Тэмцээний -50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл 1/4 шигшээд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялж, хагас шигшээд шалгарчээ. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунтай барилдах юм.

ОУХМ Б.Шоовдор тэмцээний -59 кг-ын жинд тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялж, ОУХМ Э.Даваачимэг -55 кг-ын жинд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр ялж, -68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Энэтхэгийн Дивя Какраныг оноогоор цэвэр (10:0) ялж, хагас шигшээд тус тус шалгарлаа.

Харин тэмцээний -76 кг-д Спортын мастер А.Чанцалнямаа БНХАУ-ын Зоу Кианд 1:6-гаар ялагдав. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарсан тохиолдолд дагах барилдаан хийх билээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл