TSAHIM.mn

Монгол ерөнхий сайд У. Хүрэлсүх сэтгүүл зүйн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

 Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориуав. 

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, идэвхтэн бичигчид, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 105 жилийн өмнө энэ өдөр Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдэн гарч байсан тэр өдрөөс хойш Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудмонголчуудынхаа нийгмийн амьдралын толь нь болж, сэтгүүл зүйн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.

 Монголын сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн босгон дээр Үндэсний сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XVII Их хурлаа амжилттай зохион байгуулж, удирдлагаа шинэчилжээ. Сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн шинээр сонгогдсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон удирдлагын багт амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлье!

Монгол Улсын Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг таслан зогсоож, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг чухал нөлөөтэй юм. Иймд Сэтгүүлчид та бүхнийг хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн, шударгаар ажиллаж дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

 Бурууд нүд хурц, үг ил байж үргэлж үнэний талд зогсож чаддаг, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлдэг, иргэдийнхээ мэдэх эрхийг дээдлэн хангадаг, үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовнидог нийт сэтгүүлчид та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙ САЙД  УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

 Улаанбаатар хот

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл